

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Манай орны баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +15+20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +28+33 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бага зэргийн аадар орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, +21+23 градус дулаан байна.
