Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-аас дуудсаны дагуу ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгөлгүй арьсаа хамгаалав. Харин КОП-17-ын хурлыг онцлон ярьж, өөрийгөө өмгөөлсөн ямар ч баримтгүй товчхон тайлбар хийсээр АТГ-ын байр руу орлоо.
Тэрээр 2023 оны есдүгээр сараас шалгагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, авлига, эрх мэдэлтэй холбоотой зөрчилгүй гэсэн шийдвэр өмнө нь гарсан хэмээн тайлбарлав. Мөн өнөөдөр АТГ-аас дуудсан нь КОП-17-ын үйл ажиллагаанд оролцохоор бэлтгэж байсан үетэй давхцсан гэж хэлсэн юм.
Ц.Элбэгдорж “Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг хүмүүсийн нэг бол яах аргагүй би” хэмээн онцолсон ч сэтгүүлчдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөнгүй.
Түүнчлэн КОП-17-ын хүрээнд дижитал эдийн засаг, ногоон дэд бүтцийн асуудлыг хөндөж, НҮБ-аас дэмжсэн эдгээр санаачилга нь Монголын эдийн засгийг тэлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн хүүхэд, залуусыг гадаад хэл сурах, хиймэл оюуны чиглэлээр хөгжүүлэхэд илүү анхаарах шаардлагатай гэж байр сууриа хэлээд, АТГ-ын байр руу орлоо.