

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын тухай талуудын бага хурал буюу КОП-17 хурал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Хурлын ач холбогдол, үйл явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Энэхүү хурал Монгол улсын тэргүүлэх санаачилга болох “Тал хээрийн төлөвлөгөө” нэрийн дор явагдана. Манай улсын зүгээс тэргүүлэх гурван санаачилгыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, бэлчээрийн асуудал. Хоёрдугаарт, газар болон усны асуудал. Гуравдугаарт, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц юм. Цаашид зам, барилга, уул уурхайн бүхий л дэд бүтцийг байгальд ээлтэйгээр шийдэх хэрэгтэй. Манай улсын дэвшүүлж буй эдгээр санаачилга, “Тал хээрийн төлөвлөгөө”-г талууд сайшаан дэмжиж байгааг хэлье.
Энэхүү бага хурлаас үлдэх өв бол цаашдын шийдлүүд Монгол улсад болсон Коп-17-гийн төлөвлөгөөний хүрээнд гэж яригдаж юм. Хуралд оролцож буй 20 гаруй орон нь далайд гарцгүй, манайх шиг хуурай, гандуу уур амьсгалтай орнууд бий. Тэдгээрийн хамгийн тулгамдсан асуудал бол ган гачиг, усны хомсдол юм. Эдгээр асуудлын хурлын үеэр яригдана. Коп-16 хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд дүгнэлт өгнө. Мөн цаашид улс орнууд амласан амлалтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадах эсэх, хэрэгжилт удаашрах шалтгаан зэргийг хэлэлцэнэ.
Улс орнууд амлалтаа өгч, санхүүжилтийг юунд төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг 24-ний хурлаар шийднэ. Манай улс даргалагч улс учраас талуудыг зөвшилцүүлж, төвийг сахисан байр сууринаас хандана. Өндөр дээд түвшний зочид 22,23-нд Монголд ирнэ.
Цэнхэр бүсийн бүртгэлийг 10 мянгаар тооцоолж байсан ч өнөөдрийн байдлаар хоёр дахин их хүн бүртгүүлээд байна. Бүртгэлийн ачаалал ихэссэнтэй холбогдуулж, конвенцын газраас бүртгэлийг түр хугацаагаар зогсоосон.
