

Хотын дарга Б.Пүрэвдагва цаг үеийн асуудал, Улаанбаатар хотод явагдаж буй мега төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Туулын хурдны замын тухайд асуудал Арбитрын шүүхэд шилжиж, Улаанбаатар хот замгүй, мөнгөгүй болох эрсдэлтэй нөхцөл үүсээд байсан. Харин хэлэлцээрийн үр дүнд энэ эрсдэлийг арилгасан. Улаанбаатар хотод зам хэрэгтэй учраас түгжрэлийг бууруулах, үр дүнтэй замын бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай. Одоогоор гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцээрийн түвшинд үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдлыг зассан бөгөөд цаашид байгаль орчинд ээлтэй байдлаар зам барихад анхаарна. Шүүхийн маргаан удаан үргэлжлэх тусам алданги тооцогдох эрсдэлтэй ч хэлэлцээр үргэлжилж байгаа тул одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Туулын хурдны замтай холбоотой гэрээг цаашид нээлттэй танилцуулна.
Сэлбэ хотын орон сууцны тухайд 2027 онд 113 блок, нийт 8515 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн “Сэлбэ” ухаалаг хотыг технологийн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлж байгаа бөгөөд олон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж бүрдэнэ. “Sandbox”-тай холбоотойгоор одоогоор 110 компани бүртгүүлээд байна.
Тэгш, сондгой дугаараар зорчих хязгаарлалтын тухайд байгаа боломж, нөхцөлдөө тулгуурлан шийдвэр гаргасан. Энэ нь сайн шийдвэр биш гэдгийг ойлгож байгаа ч томоохон хурал, цуглаан болон хичээлийн шинэ жил давхцсан энэ үед иргэд ажлаа урьдчилан төлөвлөж, зохицуулах боломж олгох зорилготой. Хязгаарлалтын хугацаанд автомашин 12 хоног замын хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд энэ хугацаанд автомашины татварыг хасах асуудлыг мөн ярьж байна. Дэлхийн жишгээр авч үзвэл автомашины татвар харьцангуй өндөр байдаг.
Махны үнийн өсөлтийн тухайд өнгөрсөн жил хяналтаа хангалттай тавьж чадаагүй, мөн нөөцийн махны нийлүүлэлт хүрэлцээгүйгээс үнэ өссөн. Харин энэ жил тодорхой платформ ашиглан махны нийлүүлэлт, үнийг хянаж ажиллана.
