Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр манай улсад тус газрын харьяа нийт 25 хорих анги байдаг аж. Тэдгээр 25 хорих ангиуд нь алслагдсан байрлалтай бөгөөд тодруулбал есөн хорих анги сумын төв, суурин газраас 5-50 км зайтай, мөн сумын төвд гурав, аймгийн төвд тав, Улаанбаатар хотод байрлалтай найман хорих анги байдаг аж. Харин сүүлийн үед хорих ангиудыг нэгтгэн төвлөрүүлэх санал гараад байгаа. Ингэснээр хорих ангиудын төсөв, урсгал зардал зэргийг хэмнэх, ялтнуудаар ажил эрхлүүлэх боломж бүрдэнэ гэсэн судалгаа гарчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлж буйгаар хорих ангиудыг нэгтгэн төвлөрүүлснээр удирдах болон гүйцэтгэх албан тушаалын орон тоог 30 хувиар багасгаж 1.2 тэрбум төгрөг хэмнэх юм.
Мөн бараа үйлчилгээ болон хуяглан хүргэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, алба хаагчдын томилолт зэрэг урсгал зардлаас 2.4 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ.
Дээрх хорих ангиудад ашиглаж байгаа хамгаалалтын техник, хэрэгсэл төвлөрснөөр засвар, үйлчилгээний зардлаас 0,5 тэрбум төгрөг хэмнэж байгаа бол тухайн хорих ангиудад ашигладаг үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ 30-35 хувиар буурах боломжтой юм байна. Тухайлбал алслагдсан долоон хорих ангид ашиглаж байгаа 45 тээврийн хэрэгсэл 20-25 автомашинаар буурч 0.6 тэрбум төгрөг хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн хорих барьснаар жилдээ дунджаар улсын төсвөөс 4.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж.