М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
4 цагийн дараа
651
Ж.Төмөрсүх: Орчуулагч охиныг уйлахад зэрлэг гөрөөсөө хараад уйлдаг шигээ санаа зовж байлаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Төмөрсүх байна. Би байгаль хамгаалах, тэр дундаа COP17-оор дамжуулан эх дэлхийгээ хамгаалах үйлсийг маш том, чухал зүйл гэж боддог. Байгаль хамгаалах холбооноос “Та үгээ хэлээч” гэсэн санал тавьсан юм. Эхэндээ би өөрийн бодсон, хэлэх гэсэн үгээ шууд л ярьчих байх гэж бодож байлаа. Гэтэл олон улсын хурал учраас дүрэм журамтай, орчуулагчид урьдчилан бичиж өгөх шаардлагатай юм байна.

Тэгээд өчигдөр орой цаг гаруй сууж, хэлэх үгээ бэлдлээ.

Хүний оюун санаа, сэтгэл зүрхэнд багтаж төрсөн бодол, мэдрэмжийг өөр хэл рүү буулгана гэдэг амаргүй байх. Ялангуяа сэтгэлээсээ хэлсэн үг, шүлэг шиг зүйл орчуулна гэдэг бүр ч хэцүү байх гэж бодож байна. Би ууланд гарах, зэрлэг амьтан харах бүрдээ маш их баярладаг. Харин эх дэлхийнхээ төлөө санаа сэтгэлээ чилээж, алс холоос зорин ирсэн олон орны хүмүүсийг хараад сэтгэл их хөдөллөө.

Байгаль хамгаалагч хүний өмнөөс төлөөлж үг хэлсэндээ би үнэхээр их баяртай байна. Миний хэлэх гэсэн үгийг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж чадсан орчуулагч охиндоо маш их баярлаж байна.

Тэр мөчид орчуулагч охин маань уйлж байгааг хараад би өөрөө ч сэтгэл их хөдөлсөн. Ууланд явж байхдаа зэрлэг гөрөөсөө хараад сэтгэл хөдөлдөг шиг мэдрэмж төрлөө.

Нэг харсан чинь танхимд байсан олон хүн уйлж байсан. Хоолой бага зэрэг зангирсан ч хэлэх гэсэн үгээ цааш үргэлжлүүлэн дуусгалаа.

Хотын дарга “Энэ COP17 дээр хэлэх ёстой үгийг эгэл жирийн байгаль хамгаалагч хүн жинхэнээсээ, сэтгэлээсээ гаргаж хэллээ. Монголчууд төдийгүй дэлхий даяараа таны үгийг сонслоо” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод үнэхээр их баярласан. Байгаль хамгаалагч хүний сэтгэлээс гарсан үг дэлхийд хүрч чадсан нь миний хувьд хамгийн том баяр байлаа.