

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1980 тонн автобензиний түгээлт хийгдсэн байна. Өмнөх долоо хоногт 100 шатахуун түгээх станцад түгээлт хийдэг байсан бол 213 болж хоёр дахин нэмэгдсэн. Өчигдөр орой холбогдох төрийн байгууллагууд ААН-үүдтэйгээ хамтарч, хяналт хийж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 2000 тонн автобензин өртөөдөд буулгаад байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа доголдуулж, зохиомол хомсдол бий болгосон ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой. Бид торгож, шийтгэхээс илүү үйл ажиллагааг нь сайжруулж, 24 цагаар тасралтгүй ажиллах шаардлагыг тавьж байна.
Монополийн эсрэг газраас хоёр баг АҮЭБЯ-тай хамтарч ажиллаж байна. Олон ААН түгээлтийг хийж байгаа боловч нэг түгээгүүрээс олгож, түгээлтээ нэмэгдүүлэхгүй байгаа зөрчлүүд гардаг. Мөн үлдэгдэл байхгүй гэж худал мэдээлэл тараах, АИ-95 шатахуунаа зарахгүй байх зэрэг асуудал гарсан байна.
Иргэд гэртэйгээ ойрхон, авч сурсан газар гэдэг утгаараа нэг дор хэт төвлөрөл үүсгэх тохиолдол байна. Зарим ШТС-ууд дараалал багатай байхад нэг дороо дугаарлах шаардлагагүй.
Нийслэлийн нөхцөл байдал сайжирсны дараа орон нутаг руу түгээлтээ эрчимжүүлнэ. Өмнө нь автобензин нийслэл, орон нутагт 50/50 хувиар хувааж түгээдэг байсан. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын улмаас 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт хуваарилагдаж байна. Энэ долоо хоногийн сүүлээр орон нутгийн хомсдолыг арилгах зорилготой ажиллаж байгаа юм.
Шөнийн турш агуулахууд ажиллаж, нөхөн хангалтуудыг хийснээр хүлээлт арилна гэж төлөвлөж байна.
