М.Нансалмаа
Сэтгүүлч
Эдийн засаг
1 цагийн дараа
338
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

792 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөг болж нэмэгдэнэ. 26.3 хувийн өсөлт нь бага орлоготой иргэдийн худалдан авах чадварыг дэмжих ч инфляц, бизнесийн зардал болон төсвийн орлогод давхар нөлөөлнө.

Үндэсний статистикийн хорооны мэдээллийг Засгийн газрын баримт бичигтэй тулган үзэхэд нийт ажиллагсдын ойролцоогоор 8.4 хувь буюу

116 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний түвшинд цалин авч байна.

116 мянган хүний цалин нэмэгдвэл юу болох вэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөхөд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Учир нь цалин өсөхийн хэрээр нийгмийн даатгалын шимтгэл болон тодорхой нөхцөлд хүн амын орлогын албан татварын суурь нэмэгдэнэ.

Үүнээс гадна нэмэгдсэн орлого хэрэглээнд зарцуулагдвал худалдаа, үйлчилгээний эргэлт нэмэгдэж, НӨАТ-ын орлого өсөх боломжтой.

13 хувьтай байгаа инфляц дахин өсөх үү?

Хамгийн их анхаарал татаж буй асуудал нь инфляц. Монгол Улсын инфляц 2026 оны долдугаар сард 13 хувьтай байсан. Ийм өндөр инфляцтай үед цалинг 26.3 хувиар өсгөх нь иргэдийн бодит орлогыг хамгаалах ач холбогдолтой боловч эрэлтийн болон зардлын инфляцад тодорхой дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл бусад хүчин зүйл тогтвортой байлаа гэж үзвэл 13 хувийн инфляц 13.5–14 хувийн орчимд хүрэх нэмэлт дарамт үүсч болзошгүй.

Бизнесийн хувьд аль салбар илүү мэдрэх вэ?

Цалингийн доод хэмжээний өсөлтийг хөдөлмөр их ашигладаг салбарууд хамгийн түрүүнд мэдэрнэ. Худалдаа, ресторан, зочид буудал, үйлчилгээ, барилга, жижиг үйлдвэрлэл зэрэг салбарын зардлын бүтцэд хөдөлмөрийн зардал өндөр хувийг эзэлдэг.

Тэдний хувьд нэмэгдсэн зардлыг гурван аргаар шингээх боломжтой.

Нэгдүгээрт, ашгийн хэмжээг бууруулна. Хоёрдугаарт, бараа үйлчилгээнийхээ үнийг нэмнэ. Гуравдугаарт, ажиллах хүчний тоог бууруулах, автоматжуулах зэрэг арга хэмжээ авна.

Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт нь нэг талаас ажилчдын орлогыг нэмэгдүүлэх боловч нөгөө талаас  ААН-үүдэд дарамт үзүүлэх магадлалтай.

Бодит дэмжлэг болж чадах уу?

Одоогийн 13 хувийн инфляцын нөхцөлд нэг сая төгрөгийн шинэ доод цалин нь нэрлэсэн орлогыг мэдэгдэхүйц өсгөж байгаа ч үнэ мөн дагаад өсвөл бодит үр ашиг нь багасна.

Хэрэв цалин нэмэгдэж, ажил эрхлэлт хадгалагдаж, инфляц хяналтаас гарахгүй бол шинэчлэл бага орлоготой өрхүүдэд бодит дэмжлэг болно. Харин цалингийн өсөлтийг бизнесүүд үнэд хүчтэй шингээж, ажиллах хүчний эрэлтийг бууруулбал нэрлэсэн цалин өссөн ч иргэдийн бодит амьдралд үзүүлэх нөлөө буурах юм.