Орон нутаг
4 цагийн дараа
2148
Арабууд хүүгийнх нь нүдэн дээр аавыг нь дайрч хөнөөжээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн нутаг дэвсгэрт малчин залуу шонхор барьж байсан Арабуудын машинд дайруулж амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэрэг 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд талийгаач нь тухайн нутгийн малчин эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Олон нийтийн сүлжээнд уг хэргийг шонхор барихаар отоглосон араб иргэдтэй холбон мэдээлж буй.

Гэвч тус асуудлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад Баянхонгор аймагт машинд дайруулж 1 иргэн амиа алдсан хэрэг гарсан. Гэхдээ тус хэрэг Арабуудтай холбоотой гэх мэдээлэл одоогоор тогтоогдоогүй гэж мэдээлсэн юм.

Харин манай редакц талийгаач залуугийн ойрын хүнтэй холбогдож дараах мэдээллийг авснаа хүргэж байна.

Талийгаач тухайн нутагтаа айл хөршдөө тусалж, мал маллахад нь дэмжлэг үзүүлдэг, малчдын дунд нэр хүндтэй нэгэн байжээ. Хэрэг гарсан үед талийгаачийн 10 настай хүүгийн хамт явж байсан. Тухайн хүмүүстэй уулзаад буцах үед араас нь автомашинтай хүмүүс ирж мөргөсөн байж болзошгүй бөгөөд хүүгийн ярьснаар тухайн автомашинд араб иргэд, казах жолооч байсан гэх мэдээллийг ар гэрийнхэндээ өгсөн байна.

Хэргийн газарт эмнэлгийн тусламж очсон боловч талийгаач хүнд гэмтэл авч тархи нь бяцарсан байжээ. Хэрэг гарсан газар гар утасны сүлжээ барьдаггүй. Мөн дээрх мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байна.

Мөн Бууцагаан сумын нутагт цагдаагийн алба хаагчид ажиллаж, хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдаж байна. Тиймээс тус хэргийг хурдан шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэж, тэдэнд тохирох шийтгэлийг оноох шаардлагатай юм. Манай сайт тус хэргийн талаар эргэн мэдээллэх болно.