

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургуулийн загварыг танилцуулж, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулахаар боллоо. Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачлагын хүрээнд ногоон чөлөөлөлтийг хийж, боловсролын салбараас эхэлж байна.
НҮБ-ын цөлжилтийн эсрэг тэмцэх COP17 олон улсын хуралд Засгийн газраас цөлжилт, уур амьсгалын өөрчилттэй тэмцэх бодлогоо танилцуулж байна. Тэгэхээр боловсролын ногоон чөлөөлөлтийг ямар загвараар хийх вэ гэдгийг танилцуулах боломж олдож байна.
Энэ хичээлийн жилээс "Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль" бодлогыг хэрэгжүүлэх гэж байна. Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг дахин төлөвлөлтөд оруулж, 45 сурагчаас дээш сурагчтай ангиудын 80 орчим хувь нь 35-40 сурагтай болно. Тэр сургууль, цэцэрлэг нь өөрөө ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй байх ёстой юм байна.
Улсын хэмжээнд 2400 орчим боловсролын байгууллагад 1.3 сая хүн суралцаж байна. Нийт 114 мянган багш ажиллаж байна. Цэцэрлэг, сургуулийн орчин эрүүл аюулгүй байх ёстой. Судалгаагаар улсын хэмжээнд ЕБС болон цэцэрлэгийн барилгын 50 хувь нь 1990 оноос өмнө баригдсан, маш их дулаан алдагдалтай байдаг. Улсад 30-40 сургууль мод, нүүрс түлж байгаа бол нийслэлд нам даралтын зуухтай 40 орчим байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж байхад сургууль, цэцэрлэг нь мод түлдэг байж болохгүй. Ерөнхийдөө сургууль, цэцэрлэгийн халаалтын зардлыг орон нутгаас санхүүжүүлдэг.
Нэгтгэсэн мэдээллээр жил бүр улсын хэмжээнд 717 төрийн өмчийн сургууль, 1000 гаруй цэцэрлэгийн байрыг халаахад 418 тэрбум төгрөгийн тогтмол зардал гарч байна. Энэ бол маш үрэлгэн тогтолцоо байна.
Тиймээс эхний ээлжинд 100 сургуулийг ухаалаг болгох гэж байна. Эдгээр сургууль нь сэргээгдэх эрчим хүчтэй, газрын гүний дулаан ашигласан, байгальд ээлтэй байна. Мөн усаа дахин боловсруулдаг, сургууль нь өөрөө эрүүл, аюулгүй байх ёстой. Цэцэрлэгийн гурван настай хүүхэд болон нэг, зургаа, ес, 12 дугаар ангийн 300 мянга орчим хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулна. Тэгвэл сургууль болон цэцэрлэгийн агааржуулалтад онцгой анхаарах ёстой юм байна. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэг болон их засвар хийж байгаа 170 гаруй объект дээр хяналт шалгалтыг хийж байна.
Тэгэхээр сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгээс гадна сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулна. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжинэ. Энэ жилээс эрүүл мэндийн хичээл орно." гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
