

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн нутаг дэвсгэрт малчин залуу шонхор барьж байсан Арабчуудын машинд дайруулж амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хүн дайруулсан нь үнэн ч, Арабууд гэдэг нь тогтоогдоогүй" хэмээн хаацайлсан мэдэгдэл хийсэн бол Бууцагаан сумын Засаг даргын тамгын газраас "Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг гарсанд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Шонхор шувуу барих отог, кемп байрлуулах гэрээг байгуулаагүй. Шонхор шувууны нүүдэл, байршлыг харгалзан манай сумд отог, кемп байрлуулах зөвшөөрөл хүссэнийг олгоогүй болно.
Зэргэлдээ сумуудад байрших отгийнхон тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх, нутаг дэвсгэрт шувуутай хөөцөлдөх зэрэг үйлдлүүд удаа дараа гарч, сумын ЗДТГ, Цагдаагийн хэсгээс 2 удаа ажлын хэсэг гарч тухайн бүсэд ажиллахдаа бэлчээр нутаг талхлахгүй байх, зам харгүй шинээр гаргахгүй байх, нутгийн иргэд малчдыг бухимдуулахгүй байхыг удаа дараа сануулж ажилласан.
Хууль тогтоомж зөрчсөн нутаг дэвсгэрт удаа дараа орж ирж шонхор шувуу хөөцөлдөж барьж байгаа байдлыг харгалзан сумын удирдлагын багаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 1 гэрээ байгуулсан боловч одоогоор сумын төрийн сан, ОНХС-д мөнгө аваагүй болно. Хэргийг Цагдаагийн байгууллагаас шалган ажиллаж байна. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээгээр иргэдийг бухимдуулах таагүй зүйл бичихгүй байхыг хүсье" гэжээ.
Засгийн газраас энэ онд 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг дөрвөн улсын 24 иргэнд олгосон байдаг. Гэтэл эдгээр иргэд дураараа дургаж, байгаль дэлхийг сэндийчэж, бүр цаашлаад эрдэнэт хүний амь насанд хүрч байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
