

Төсвийн тодотголын талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр төсвийн тодотголыг батлагдсан төсвийн хүрээнд хийж, боловсрол, эрүүл мэндийн садбарт таналт хийгээгүй гэдгийг онцоллоо.
Тэрээр "Төсвийн тодотголыг хийхдээ зөвхөн 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд зардалд таналт хийж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийгээгүй. Харин эдгээр хоёр салбарын цалинтай холбоотой асуудлыг тавдугаар сард шийдвэрлэсэн. Боловсролын салбарт 674.5 тэрбум төгрөгийн цалингийн зөрүүний асуудал үүссэн байсан. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин арваннэгдүгээр сараас 20 хувиар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотой зардлыг бусад салбарын зардлаас танах замаар шийдвэрлэж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин орхигдсон байсан. Тухайлбал, соёл, урлаг болон хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын цалинг төсвийн тодотголоор 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгаж байна.
Нийгмийн даатгалын тухай хууль хавар батлагдаж, 2027 оноос хэрэгжихээр байсан. Харин хэрэгжилтийг наашлуулснаар 450 гаруй мянган ахмадын тэтгэвэр энэ 11 сараас нэмэгдэнэ.
Иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх хүрээнд төсвийн тодотголд таналт хийж байна. Мөн стратегийн нөөцийг бүрдүүлж, инфляцыг тогтворжуулахын тулд дотооддоо хамгаалж болох салбарууддаа бодлого хэрэгжүүлнэ. Үүнд хүнс, эрчим хүчний салбар багтаж байна. Тиймээс мах, улаан буудай, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх, хадгалах агуулах савны хүчин чадлыг дэмжих бодлого баримталж байна.
Эрчим хүчний үнэ өсөхөд иргэдийн орлого, санхүүд шууд нөлөөлдөг. Иймд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй байх, салбарын аюулгүй байдлыг хангах зорилгоор татаас олгохоор төсвийн хэмнэлт хийж байна.
“Гэртэй ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 55 тэрбум төгрөг нэмж олгоно.
Засгийн газар авлигатай тэмцэх ёстой. Төрийн өмчийн засаглалыг сайжруулах зорилгоор төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас бий болсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын орлогыг “Эрдэнэс Монгол” дээр төвлөрүүлж, Баялгийн санд оруулан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүний цаана авлигын эрсдэл үүсэж байгаа учраас үүнийг хуулиар зохицуулна.
Хөрөнгө оруулалтын хувьд батлагдсан ажлуудаас нэг ч төгрөг хасахгүй. Харин инфляцад нөлөөлж буй нефть, хүнс, эрчим хүчний асуудалд бодлого чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, төсвөөр өмнө нь батлагдсан зардлуудаас таналт хийж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
