Орон нутаг
5 цагийн дараа
316
Арабууд шонхор шувуугаар хар тамхи зөөлгөдөг үү?

Хүүгийнх нь дэргэд аавыг нь Арабууд дайрч, амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гарсан нь шонхор шувуу агнахаар Монголд ирж буй гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулаад байна. Гэтэл Арабууд Монголд ирж зэрлэг идлэг шонхор барьдаг боловч Монголын шувуулахуйн өв тээгчид өөрсдийн өв соёлоо тээн, шувуутайгаа явахад цагдаад зогсоогдож, зөвшөөрлөө тайлбарлах шаардлагатай болдог байна. Гадаадын иргэдэд квот олгож байгаа хэрнээ Монголын өв тээгчдэд шувуугаа эзэмших эрх байдаггүй  талаар Монголын Шувуулахуйн холбооны үүсгэн байгуулагч Д.Отгонсайхантай ярилцлаа.

Яагаад Арабууд шонхор шувууг сонирхож байна вэ?

Энэ шувуу бол Арабуудын өв соёлынх нь нэг. Монголчууд адуугаа шүтдэг шиг л. Монголчууд бид эрт үед харцагаа сургаад ангаа бариулдаг байсан. Сүүлдээ энэ соёл бүр дэлгэрч, хаад ноёдын зугаа цэнгэлийн хэмжээнд хүрсэн байдаг. Хубилай хааны үед гэхэд л шонхорчид гэж тусдаа хүмүүс байдаг байсан түүхтэй. Арабууд ч эрт үеэсээ шонхор, тэмээ, анч нохой, морийг шүтэж ирсэн нь өнөөдрийн энэ шувууны зах зээлийг бий болгоод байна. 

Арабууд шонхорыг хурдан морь шиг л зүсэлж авдаг. Жишээ нь, зуун шонхороос хүч тэнхээтэй, өнгө зүс сайтайг нь сонгож авдаг. Тэндээ ан авлуулж, тэмцээн зохион байгуулдаг. Том шейх, хаадын нэрэмжит тэмцээнүүд болдог. Энэ чиглэлдээ Арабууд шонхор шувууг ашигладаг. Арабууд шонхороор хар тамхи зөөлгөдөг, захиа явуулдаг гэдэг бол худлаа.

Угаасаа түүхэндээ тагтаа захиа зөөх үед эсрэгээр нь шонхорыг тавьж, тухайн тагтааг агнуулдаг байсан.

Шонхор шувууг заавал Монголоос барьж авах шаардлагатай байдаг уу?

Идлэг шонхор нь Ази болон Европ тивд өргөн тархсан. Гэвч сүүлийн жилүүдэд Европ тивээс эхлэн тоо толгой нь цөөрч, устаж эхэлсэн. Казахстаны зэрлэг идлэг шонхорын популяци 2000 оноос өмнө бараг л үгүй болсон. Зарим өндөр уулархаг нутгаараа л цөөн байдаг. Гэтэл Монгол Улсад энэ популяци байна. Мөн өсөж үржих таатай нөхцөл нь манай улсад байгаа юм. Зэрлэг шувууны тэнхээ чадал их байдаг учир Монголоос ирж зэрлэг идлэг шонхор шувууг барьж байна.

Арабын хойгийн орнуудад зах зээл нь байгаа цагт шувууны эрэлт хэрэгцээ хэзээ ч арилахгүй.

Шонхор шувууг зараад байвал энэ шувууны тоо толгойд өөрчлөлт орох уу?

Идлэг шувуу бол нөхөн үржих боломжтой. Хангайлаад байвал үржээд л байна. Бетон шон тавьж эхэлсэн цагаас эхлэн шонхор шувуу маш ихээрээ үхсэн. Жилдээ 4000 шонхор шувуу үхдэг байсан. Шувуулахуйн холбоо эд нарыгаа хамгаалах ёстой гэсэн үүднээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт шувуугаа хамгаалах төхөөрөмж хийсэн. Тухайн жилийн дараагаас Арабын Нэгдсэн Эмират Улсаас нэг сая долларын хөрөнгө оруулалт оруулж, шонхор шувууг хамгаалах хамгаалалт хийлгэж одоо бүх шонгийн 90 хувь нь хамгаалалттай болжээ. Нөхөн сэргэдэг шувуугаа маш сайн хамгаалж, мониторинг хийх хэрэгтэй. Жилд өгч байгаа квот нь одоо байгаа нөөцтэйгөө харьцуулахад ямар байгаа юм. Тоо толгойд нь нөлөөлөхүйц байна уу гэдгийг тооцох хэрэгтэй. Гэхдээ одоо ч гэсэн ийм л шугамаар явж байгаа гэж найдаж байна. Тийм учраас энэ жил ч мөн шонхор барихаар гаднаас хүмүүс ирсэн.

Хэрвээ Монголын газар нутагт шувуу барихыг буруу гэж үзэж байвал Засгийн газартай ярих хэрэгтэй. Эхнээсээ л Засгийн газар квот гаргаж, шувуу барих эрхийг нь олгочихсон байхад Монголчууд бид хэд тэмцээд, хөөгөөд тусыг олохгүй. Эхнээсээ л овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Улс өөрөө зөвшөөрлөө өгөөгүй бол энэ хүмүүс ирж барихгүй.

Энэ олон асуудал намжиж, зогсох болно. Овоог нь босгоод байвал Арабууд ирсээр л байна.

Монгол Улсад байгаа өв тээгч хүмүүст шувуу эзэмших зөвшөөрөл байдаг уу?

Биднийг цагдаа байнга л зогсооно. “Би өв тээгч хүн, өв соёлоо хамгаалж яваа юм аа” гэж байнга тайлбарлах шаардлага гардаг. Анх холбоогоо шувуулахуйн өвийг хадгалж авч үлдэх, олон нийтэд таниулан сурталчлах зорилготой байгуулсан. “Араб, Казакуудын өв соёлыг сурталчлаад яваад байгаа юм биш үү?” гэх асуултыг их тавьдаг байсан. Тэр бүх хүмүүст энэ бол бидний өвөг дээдсээс өвлөж ирсэн зан үйл гэдгийг ойлгуулахыг хичээсээр ирсэн.

Гэтэл Монгол хүмүүст энэ шувуугаа бариад явах эрх нь байдаггүй. 2010 оны арваннэгдүгээр сарын 16-нд анх 11 улс нэгдэж, шонхрын ан буюу махчин шувуугаар ан хийх уламжлалыг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Монгол Улс 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод 2005 онд элссэн. Хэрвээ ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн өвийг тухайн конвенцод элссэн улс хөхүүлэн дэмжих хэрэгтэй гэсэн байдаг. Гэтэл манай улс яг үүнийхээ эсрэг ажиллаж байна.

Өв тээгч бид шувуугаа бариад явж байхад биднийг шувуу худалдаалагчид, Арабуудад зарах гэж байна гэх мэтээр андуурах, буруу ойлгох нь их бий. Цагдаа нар ч байнга ирж шалгана. Гэхдээ сүүлийн арав гаруй жил хийж буй ажил маань нийтэд ил болж байгаа учраас цагдаа нар маань таних болсон. Гэсэн ч хууль эрх зүйн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Арабуудад соёлын шугамаар шувуу барих зөвшөөрөл олгодог хэрнээ Монголын шувуулахуйн өв тээгч нарт энэ эрхийг огт олгодоггүй. Надтай нийлээд Монголд энэ шувуулахуйн өвийг тээж яваа ердөө дөрвөн хүн л байна. Энэ хүмүүстээ яагаад жилдээ нэг, хоёр шувууны квот өгч болохгүй байгаа юм бэ?

Бид энэ сарын 24-нд Киргизстан улсад өв тээгчдийн тэмцээнд орох гэж байна. Гэтэл манай улсад хууль эрх зүйн боломж байхгүй учраас эндээс шувуугүй явж байна. Тухайн улсдаа учир байдлаа хэлээд, тэмцээний өмнө очиж, тэмцээн зохион байгуулж байгаа газраас шувуу гаргуулан богино хугацаанд сургаж, тэмцээндээ оролцоно. Энэ өв дэлхийд хөгжиж, Арабууд хоорондоо, Европчууд хоорондоо шувуугаа авч явж байна. Харин мань хэд нь эндээ хууль эрх зүйн боломж байхгүй учраас гөлийгөөд сууж байна.

Арабуудад зах зээл нь байгаа учир шонхор шувууг авах гээд л дайрна. Хэдийгээр зөвшөөрлөө аваад орж ирсэн Арабууд шонхороо барьж байгаа ч малчдын зүгээс малын бэлчээрийг нь талхилаад байвал уурлах нь аргагүй шүү дээ.

Хэдийгээр өв соёлдоо энэ шувууг хэрэглэж байгаа хэрэгцээ нь байгаа гэдгийг хэллээ ч төр, засгийн зүгээс зохицуулалт муу байвал ийм зүйл тохиолдсоор байна. Монголчууд бол алтан дээр суусан ард түмэн хэрнээ дээгүүрээ ч бас алттай байна. Нөгөө талаараа шувуулахуйн өв соёлыг Монгол түмэн маань мэдэж байх ёстой. Шувуу барьсан болгоныг зарж идэх гэж байна, яргалах гэж байна гэж харж болохгүй ээ.