

Евро92 бензинийн үнэ өсөж, 4950 төгрөг болсон асуудлаар АҮЭБ-ын яамны төлөөлөл болон зарим Шатахуун түгээх станцын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ.
АҮЭБ-ын яамны Газрын тосны газрын дарга Ч.Хишигдалай "Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд ОХУ-аас 150 орчим вагон буюу ойролцоогоор 9000 тонн АИ92 автобензин нийлүүлэгдсэн байна. Монгол улсын өдрийн хэрэглээ дунджаар 2000 тонн. Сүүлийн үеийн хомсдолтой холбоотойгоор хэрэглээ 25 хувиар нэмэгдсэн. 2500 орчим тонн түгээлт хийгдэж байна. Уг шатахууны нилээд хувийг евро 92 эзэлж байна. Сүүлийн хоёр хоногт нийт 1600 тонн АИ92 автобензин худалдаалагдсан. Улаанбаатарт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шатахуун олгож байгаа бол орон нутгийн ШТС-ын нөөцөөс шалтгаалж хүлээгдэл янз бүр байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой бензинийн үнэ өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Наймдугаар сарын 25-нд бэлэн бүтээгдэхүүний үнэ тодорхой болно. Урьдчилсан прогнозоор өсөхгүй байх гэсэн найдлага ажиглагдаж байна. Ямартай ч нөхцөл байдал хүнд байгааг ойлгоосой. Ердийн хэрэглээний бүтээгдэхүүн хангалттай орж ирж байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна. Нийлүүлэлт тогтвортой байвал ирэх долоо хоногт хэвийн болох байх гэж найдаж байна.
"Петровис" компанийн захирал Ш.Лхагважав "Өчигдрөөс эхэлж Евро92 бензинийн үнэ нэмэгдсэнд иргэд бухимдалтай байна. Бид ОХУ-ын дотоодын биржийн үнээр шатахуунаа худалдаалж байгаа. Эрэлт их байгаа энэ үед үнийн асуудлаас илүү нийлүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Тогтмол 705 гэдэг үнэ байхгүй болсон. Шатахуун импортлогч компаниуд ямар нэгэн ашиг нэмээгүй зах зээлийн жамаараа гарч буй бодит үнээр худалдаалж байгаа. Дэлхийн зах зээл дээр үнэ өсвөл өсгөөд, буурах үед нь буулгаад л явна. Евро 92 бензин 1500-1650 долларын хооронд олдож байгаа"
"Шунхлай" компанийн Төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн н.Болор-Эрдэнэ "Энгийн 92-ийг сүүлийн 5 жил нэг үнээр авч байсан бол долоодугаар сараас эхлэн биржийн үнээр худалдан авч байгаа. Евро 92 одоогоор манайд буугаагүй байгаа. Буухаар бусад ШТС-тай мөн адил 4950 гэсэн өссөн үнээр худалдаална" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
