

Архангай аймгийн Хайрхандулаан сумын ЕБС-ын сурагчдын үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой хэрэг энэ оны 4-р сард гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Хэргийг эргэн сануулбал, 9-р ангийн сурагч 11-р ангийн сурагчийг ангийнх нь 6 хүүхдийн нүдэн дээр ямар ч шалтгаангүй зодож, нүүр, хамарт нь ноцтой гэмтэл учруулсан. Гэвч ангийнх нь 6 хүүхэд зодуулж байгаа охинд туслаагүй харин ч ангийнхаа хаалгыг дарж зогсож, цонхыг гадуур хувцсаараа дарж хааж байсанд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа юм.

Үүнээс үүдэн хохирогч охин нүүрэндээ олон тоо хумсны шарх авч, хамар нь ноцтой гэмтсэний улмаас 2 удаагийн хагалгаанд орохоор болжээ. Хамрын эхний хагалгаагаа тэрээр 4-р сард хийлгэсэн ч өнөөдрийг хүртэл эдгээгүй байгаа тул дараагийн хагалгаандаа орж чадахгүй байгаа аж. Мөн хохирогчийн сэтгэл санааны байдал хүнд байгаа тул шарх нь ч эдгэхгүй байгаа гэдгийг хохирогч охины эгч хэлж байлаа.
Харин хохирогчийн ар гэрийнхэн тухайн хэргийг үйлдсэн Р.Б-г шүүхэд өгсөн ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Тодруулбал, Прокуророос өсвөр насны яллагдагч Р.Б-д холбогдох хэргийг хянаад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай прокурорын тогтоолоор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа гэх хариуг ирүүлжээ.

Ийнхүү яллагдагч насанд хүрээгүй гэх шалтгаанаар ямар ч хариуцлага хүлээлгүй мултарсан бол хохирогч охин зодуулж байхдаа буцааж нэг удаа цохисон гэх шалтгаанаар зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулжээ.

Энэ бол манай улсад хохирогч ахин хохирдог гэдгийн томоос том дүр зураг болон үлдэж байна.
Насанд хүрээгүй гэх шалтгаанаар энэ мэт толгойг нь илээд өнгөрсөөр байвал энэ төрлийн гэмт хэргийг зогсоож дийлэхгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй. Магадгүй яллагдагч энэ төрлийн гэмт хэргийг ахин дахин үйлдэх, бусдад сэдэл өгөх эрсдэлтэйг ч мартаж болохгүй юм. Тиймээс насанд хүрээгүй байсан ч үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн бол тохирох хариуцлагыг нь тооцдог байх шаардлагатай байна.
