

Сурагчид гэр, сургуулийнхаа хооронд ирж, буцах замдаа гэмтэж бэртэх тохиолдол гардаг. Тухайлбал, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй байх зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.
Тиймээс “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва зарлалаа.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлага, стандартуудыг нэвтрүүлэх ажээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнгөрсөн жил 376 сурагч алхаж байхдаа зам тээврийн осолд өртсөн байна. Тиймээс сургуулийн орчныг ээлтэй болгох, сургууль хүрэх замыг аюулгүй болгох ажил бидний өмнө бий. Тухайлбал, сургуулийн орчин гэж шууд ялгагдахуйц байхаар замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг хийх шаардлагатай. Хүүхдэд аюулгүй орчин эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх ёстой” гэв.
Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг чангатгах асуудлыг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
