Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
7 цагийн дараа
209
Түр оршин суугчийн хүүхдийг ялгаварлан гадуурхаж л байг уу Л.Энх-Амгалан сайд аа

2025-2026 оны нэгдүгээр ангийн элсэлтийг энэ сарын 12-26-ны хооронд E-Mongolia системээр хүлээн авч байгаа. Ингэхдээ хамран сургах тойргийн сургууль суралцагчаар бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм. Гэвч үүний цаана түр оршин суугч хүүхдүүдийн суралцах эрх зөрчигдөж байна. Тодруулбал, Эхлээд оршин суугч хүүхдүүдийг бүртгээд  дараа түр оршин суугч хүүхдүүдийг бүртгэх юм. Энэ үед түр оршин суугч хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхэд нь сургуульгүй үлдчих вий гэх эмээлттэй байсаар байна. Гэр ойр л бол түр оршин суугч байсан ч хамран суралцах сургуульд нь бүртгээд өгөх л хэрэгтэй. 

Хэрэв сургуулийн хүрэлцээ хангалттай байсан бол жил бүрийн намар дээрх асуудал давтагдахгүй байх байлаа. Анги дүүргэлт 30 давж, гурван ээлжээр хичээллэх асуудлууд ч гарахгүй байх байсан биз ээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль” байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж өчигдөр мэдэгдсэн. Монгол Улсын иргэн хаана оршин суухаа өөрөө шийднэ. Үүнд түр оршин суугч нар ч хамааралтай. Тиймээс түр оршин суугч гэх шалтгаанаар хүүхдүүдийг алаг үзэж болохгүй. 

Үүн дээр нэмээд орон нутгийн сургуулиудыг дурсаад ч хэрэггүй биз. Одоог хүртэл гал түлж, гадаа гарч бие засаж, дулаан алдагдалтай сургуульд суралцахын төлөө сурагчид гүрийсээр.

Ийм нөхцөл байдлаа засах чадалгүй байж “ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй 100 сургууль” санаачилгыг хэрэгжүүлнэ гэдэг нь юу л бол эрхэм сайд аа...