Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.08.21 11:34
138
Зууны түүх бүтээгчид

Анх эсгий гэрт үүдээ нээж, морин өртөөгөөр нүүдэллэн шүүн таслах ажлыг гүйцэтгэж байсан Хэнтий аймгийн шүүх зуун жилийн дараа ч зориулалтын байртай болж чадаагүй байна. Тус шүүх төдийгүй зуун жилийн өмнө байгуулагдсан анхны таван шүүхийн аль нь ч шүүхэд зориулагдсан барилгагүй өдий хүрсэн байдаг.

Ингэж бодоход гунигтай ч түүхэн цаг үеийн хүнд сорилтуудыг даван туулж ирсэн үе үеийн эгэл шүүгчид, ажилтнуудын зүтгэл бөхөлгүй зуун дамнажээ. Шүүгчид төдийлөн ам нээдэггүй, бидний мэддэггүй шүүхийн түүхийг Хэнтий аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн даруухан ёслолоос сонирхсон юм.

Баримт түүх нь дэлгэцнээ дуурсч, номын хуудаснаа зам мөр нь хөвөрсөн дурсамж уулзалтад ахмад шүүгчдийн үг бүр утга төгс, үнэ цэнэ илтгэж байлаа.

Ар гэргүй мэт нүүдэллэн ажиллаж, яллагдагчтайгаа замын унаанд дайгдаж,  цалингаа тавьж чадахгүй төр засгийн хямралын үед ажралгүй ачаа үүрч, албан үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орж, үр хүүхдүүдээ цэцэрлэгт нь даатгаж орхиод зүтгэсэн он жилүүдээ Хэнтий аймгийн шүүхийн ахмад шүүгчдийн төлөөлөл ийнхүү дурслаа.            

Г.Болормаа: Шилжилтийн үеийн хүнд ачааг шүүгчид үүрсэн

- Миний ажил амьдралын гараа Хэнтий аймгийн шүүхээс эхтэй. Би анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр нийт 36 жил ажилласан. ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль төгсч ирээд Улсын дээд шүүхийн томилолтоор Хэнтий аймгийн шүүхэд хуваарилагдаж, тухайн үеийн Хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн шүүгчээр ажлаа эхлүүлсэн. Мөн Сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2000 онд Бор-Өндөр сумын шүүх байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр томилогдож, 12 жил ажилласан. Дараа нь Дорноговь, Төв аймгийн шүүхэд ажиллаад буцаж ирж, давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллалаа. Шүүгчээр ажилласан хугацааныхаа талаас илүү он жилүүдэд нь Хэнтий аймгийнхаа шүүхэд ажилласан байна. Намайг анх ирэхэд Ц.Рашзэвэг дарга, орлогч нь Х.Зардыхан гээд маш мундаг шүүгчид тосч авсан. Ажилд анх томилсон тушаалд маань “Шинэ төгсөж ирсэн шүүгч Г.Болормааг ажилд дадлагажуулж сургах халамжлан хүмүүжүүлэгчээр шүүхийн орлогч дарга Х.Зардыханыг томилсугай” гэсэн байдаг.

Хэргээ уншиж танилцах, ялын бодлого болон шүүх хуралдаанаа удирдах зэрэг бүхий л зүйлсийг маш нарийн зааж сургаж байлаа. Бидний үеийн бүх шүүгчид энэ замыг туулсан. Эргэн дурсахад ахмад үе маань залуу үедээ цаг зав, сэтгэлээ зориулан төрийн хүн болгох гэж тулж ажиллаж, суулгаж өгсөн төлөвшлөөр л би өдий хүртэл явж ирсэн. Хэнтий аймгийн шүүх замыг маань зөв зааж, чиглүүлсэн.

Ц.Рашзэвэг дарга маань сүрдэм ширүүн ч хал нь гаднаа, хайр нь дотроо хүн байлаа. Тийм даргын ачаар үг, ачаалал дааж сурсан. Нийгэм цаг үе, ажиллах орчин нөхцөл маань хүнд байсан ч бид хэзээ ч хэцүү гэж шантралгүй, чадах ёстой гэж өөрсдийгөө их дайчилж байсан. Сайн хүмүүс анхны алхмыг минь зөв тавьж өгсний ачаар би шүүгч гэх эрхэм нэрийг зүүгээд явж дээ гэж боддог.

Бидний ажилласан амаргүй үеийг одоо цагт ойлгохгүй нь их. Учир нь 1992 оны Үндсэн хууль батлагдсан нийгмийн шилжилтийн үе, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үеийг бид хэрхэн туулсан тухай яривал урт түүх болно. Өмнөх нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд үеийн Монголын шүүхийн ачааг тэр үеийн шүүгчид үүрэлцсэн. Тиймээс би тэрхүү ачааг үүрэлцсэн, Хэсгийн ардын шүүхийн шүүгч гэж хэлэх дуртай. Социализмын үед бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжилдээ, тангарагтаа, салбартаа, өөртөө үнэнч зүтгэсээр албаа өндөрлүүлсэн дээ. Би ажиллах ёстой өнөөдрийг хүртэл Болороо шүүгчээрээ дуудуулж яваа минь хувь тохиол юм. 

Бор-Өндөр суманд долоохон хүнтэй шүүх байгуулагдахад захиргааны  4 өрөөг түрээсэлж, сумын Захирагчийн ажлын албанаас өгсөн ширээ сандал дээр сууж, өдөр нь ажлаа хийж, орой нь ажлын байраа тордож, бор зүрхээрээ зүтгэж байлаа.

Манай Бор-Өндөрийн шүүх 2004 онд шүүн таслах ажлын үзүүлэлтээр улсдаа нэгдүгээр байрт шалгарч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөмжлөл, шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байснаа дурсахад таатай байна. Би 2010 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байлаа. 2012 онд шүүхийнхээ байрны асуудлыг шийдвэрлэж, Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр барилгаа бариулж, техник тоног төхөөрөмжөө шинэчилж, төсөв санхүү ч сайжирсан дурсамж дүүрэн он жилүүд байв.

 Би улсынхаа бүх Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдож, гарынх нь үсэгтэй үнэмлэх гардаж ажилласан. Албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орж, амь  насны эрсдэлтэй тулсан ч шүүгчийн ажлаа орхиогүй. Орчин үед шүүгчийн ажлын онцлог, стресс менежмэнт яригдаж байхад бидний үеийнхэн стрессээ ч ойлгохгүй зүтгэж байж дээ гэж боддог.

     Б.Дэнсмаа: “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж чармайж ажилласан

- Миний хувьд шүүгчээр нийт 35 жил ажилласнаас 1996-2024 онд Хэнтий аймгийн шүүхдээ ажилласан. Ажил, амьдралын минь алтан сайхан үе энэ шүүхтэй холбоотой. Намайг анх Хэнтий аймгийн шүүхэд ажиллахаар ирэхэд Ерөнхий шүүгчээр Б.Баатар ажиллаж байсан. Бид их цөөхүүлээ, ачаалал өндөртэй, хөдөө орон нутгаар их явж, мэдээ тайлангийнхаа үеэр бол хонож ажилладаг байлаа. Шүүхийн мэдээ тайлан гаргах ажил үнэхээр шандас шалгасан ачаалалтай. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр 11 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр олон жил ажиллалаа. Шүүх хөрөнгө хүч муу, цалин бага, тоног төхөөрөмж тааруу, зарим нь ажлаа орхиж байсан үе бий. “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж чармайж ажилласны үр дүнд эрх зүйн орчин, нөхцөл байдал дээрдсэн сайн цаг ирсэн.

Шүүгчийн ажил өндөр хариуцлагатай, ачаалал ихтэй, сэтгэл зүйн амаргүй сорилттой. Шүүн таслах ажлынхаа зэрэгцээ олон нийтэд чиглэсэн ажлуудад Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга их үүрэг хүлээдэг. Шүүхийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ талаар үнэн зөв мэдээллийг хүргэхгүй бол нийгмийн сүлжээний нөлөөлөл ямар түвшинд байгаа билээ. Тухайлбал, манай шүүхээр хянан шийдвэрлэгдсэн “Долоон ишигний хэрэг” улс даяар дуулиан дэгдээсэн. Энэ хэргийг хэрхэн, яаж шийдвэрлэх эсэхэд олон нийт нүд чих тавьж байлаа. Давж заалдах шатны шүүх хурлыг бид олон нийтэд нээлттэй хүргэж, ил тод байдлыг хангаж ажилласны үр дүнд иргэд бодитой мэдээлэлтэй болж чадсан. 

1996 онд Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ирэхэд компьютер техник байхгүй, 2 давхар тааруухан байртай, бичиг хэрэг гараар хийгддэг байсан боловч ажил үйлсээрээ манай шүүх тогтмол дээгүүр байрт шалгардаг байлаа. Одоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч, ажиллах нөхцөл үнэхээр сайхан болжээ. Ийм нөхцөлд залуу үе маань тууштай, хичээж ажиллавал иргэдийн эрхийг хамгаалах ариун үйлсдээ амжилт гаргах нь гарцаагүй. Шүүгч хүн хүний үг их сайн сонсдог байх ёстой. Үргэлж мэдлэг чадвараа ахиулж байх нь хамгийн чухал гэж залуу үедээ захимаар байна.  Хамтран ажиллаж байсан шүүгчид, Ерөнхий шүүгч нар маань үнэхээр чадварлаг туршлагатай шүүгчид байсныг эргэн дурсахад таатай байна.

Түүхт 100 жилийнхээ ойн энэ өдөр хамтран ажиллаж байсан шүүгч, ажилтнууддаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

                Н. Лхагвадорж:  Анхны хэргээ шийдэж, нойргүй болж байлаа

- Би анх 1986 онд Хэнтий аймгийн шүүхийн 60 жилийн ойн  үеэр ажилд орж байснаас хойш 40 жил өнгөрчээ. Тухайн үед шүүхийн даргаар Ц.Халзай, орлогчоор нь З.Дэлэг дарга ажиллаж байсан. Удирдлагууд маань хүүхдээрээ шахуу надад хүнтэй яаж  харилцах, асуудлыг хэрхэн шийдвэрлэх, мэдээ тайлангаа гаргахаас эхлээд бүгдийг зааж сургасан. Арбитрчаар 1987-1989 онд ажиллаж байгаад 1990 онд арбитрын байгууллагыг татан буулгаж, шүүхтэй нийлүүлэхэд буцаад шүүхдээ ажилласан. 2002 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож, 10 жил ажилласан. Ажил амьдралаараа шүүхтэйгээ холбоотой байсаар тэтгэвэртээ гарсан.

Шүүгчийн ажлынхаа анхны замналыг эргэн дурсахад хамгийн анхны шийдсэн хэрэг маань насанд хүрээгүй хүүхдийн хулгайн хэрэг байлаа. Хонь хулгайлсан гээд дээлээ тоодойтол бүсэлчихсэн маш хөөрхөн хүү байж билээ. Одоо ч овог нэр нь сэтгэлд тодхон байна. Хамгийн анх удаа хүн амины хэрэг шийдэж, цаазын ял оногдуулчихаад би бүр нойргүй болж байсан. Цаазын ял шүүгчийн сэтгэл санаа, эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Орцны хаалга дуугараад хаагдахад шөнө сэрчихнэ, эргээд унтахгүй. Тэгээд эмнэлэгт хүртэл очиж байлаа. Би цаазын ял оноочихоод шаналаагүй ч гэсэн, үр дагавар нь сэтгэл зүйд тэгж хүнд тусдаг юм билээ. Хэдийгээр хуулийн дагуу ял оноож байгаа ч гэсэн шүүгч өвдөх энэрэх сэтгэлтэй хүн шүү дээ. Цаазын ял оногдуулсан шийдвэр маань Улсын дээд шүүхэд хянагдаж, хорих ял болсон. Одоо тэр хүн Дорнод аймагт амьдардаг, “Шүүгч маань байдаг болов уу. Нэг уулзах юмсан” гэж намайг сураглаад явдаг гэсэн.

 Шүүгчийн ажлыг хүссэн хуульч болгон хийдэггүй. Бурууд нүд хурц, зөвд зөөлөн байх ёстой. Хэт туйлширвал хүн хэлмэгдүүлнэ, хэт зөөлөн хандвал ял завшуулна. Ийм учраас хуулийн дагуу дотоод итгэл үнэмшлээрээ хэрэг шийдвэрлэж, аливаад голч байх шаардлагатай ажил мэргэжил. Манай шүүхийн билэгдэл дэнс байдаг нь ийм учиртай.

 Ерөнхий шүүгчээр ажиллахдаа 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад боловсон хүчнээ бүрдүүлэхэд онцгой анхаарснаас гадна 2006 онд Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр хуучин конторын барилгаа 3 давхар болгож байрны асуудлыг шийдвэрлэж, техник хэрэгслээр хангагдаж билээ. Тухайн үед манай шүүгчид сахилга хариуцлага алдаж байгаагүй. Гэхдээ үнэний төлөө хэт шударга, хэлье гэснээ хэлчихдэг байхаар хүнд их ад болдог. Тийм хүний нэг нь би өөрөө. Хойч үедээ захидаг ганц юм маань энэ. Санаж бодсоноо ил шулуун хэлсэн үг  сүүлдээ улс төр ч болоод явчихдаг юм билээ.

Өнөөдрийн Шүүхийн тухай хуульд би зарим талаар дурамжхан байдаг. Шүүгч хараат бусаар ажиллах зарчимтай ч нөлөөлөхүйц бусаар зөвлөгөө авах юм байх ёстой гэж би боддог. Хуулиар олон шүүхтэй, баахан Ерөнхий шүүгчтэй болохоор шинэ шүүгчид туршлага дутаж, тулгамдах үе гарна. Эх зах, толгойгүй мэт надад санагддаг. Бидний үед мэргэжлийн удирдлагаар хангах гэсэн ойлголт байсан. Ял шийтгэл заахгүйгээр процессын алдаа зэргийг  хэлж засуулаад явдаг. Гэхдээ хууль ноцтой зөрчөөгүй тохиолдолд шүү дээ. Энэ маань шүүхийн шийдвэрийг бодитой, шударга байлгахад чиглэгдэж байлаа. Гэтэл үүнийг нөлөөлөл гэж ойлгоод байдагт би дурамжхан байдаг. 

Хуулийн дагуу шүүхийн зохион байгуулалтыг өөрчилдөг. Шүүхийг бүсчилж байгуулснаа буцаагаад тараадаг. Үүндээ шүүгчдийн ар гэрийг чирэгдүүлдэг завхарсан үрэлгэн нийгэм байгаад би бас харамсдаг. Аливаа бүхэн цаг хугацааны уртад хөгжиж дэвшдэг. Үүнийг хууль санаачлагчид анхаарч, мөн тодорхой түвшинд шүүхээс саналаа уламжилдаг байх ёстой.

Дээр үед нэгдэл нийгмийн өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан зэрэгт хэсгийн шүүх их нүүдэллэн ажиллаж байлаа. Намайг ажиллаж байхад орон нутагт ажиллах шатахууны зардал гэж багахан мөнгө өгдөг, тэр нь хүрэлцдэггүй байсан. Ер нь нүүж ажиллана гэдгийг би угаасаа дэмждэггүй хүн. Шүүх төсөв мөнгөний гачигдалтай байсан үе бий. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүмүүс ирэхэд бид Сүхбаатар аймгийн шүүх орох шатахуун, нөөц дугуйгүй прокурорын дугуйг нь гуйж тавиад болгож бүтээгээд явж байлаа. Дэлхийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн санхүүжилтээр ном товхимол, сургалт, тоног төхөөрөмжөөр хангаж дэмжиж байсанд талархалтай байдаг.   

Өнөөдөр шүүхийнхээ 100 жилийн түүхийг дурсаж, хамт олонтойгоо уулзаж байгаадаа сэтгэгдэл өндөр байна.  Энэ өдөр алдсан оносон гэхээс илүү зуун жилийн урт хугацааг туулж өнгөрүүлж, өдий зэрэгтэй болсон шүүхийнхний маань амьдрал  сайн нь ч, муу нь ч  харагдаж байна. Бид өөрсдийгөө бус бусдын хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж байсны хувьд залуу үе маань намайг төрийн дээд одонд тодорхойлж, олгуулсанд маш их баярлаж байна. Монгол улсад байгуулагдсан анхны таван шүүхийн нийт хамт олонд 100 жилийн ойн мэнд хүргэе.

                          А.Энхбаатар: Хэрэг бүхэн чадавх сорьдог

- Миний хувьд Хэнтий аймгийн шүүхтэй 2000 оноос эхлэн ажил амьдралаа холбосон. Дорноговь аймгаас шүүгчээр томилогдон ирж, Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхэд ажиллаж байгаад 2003 онд Говьсүмбэр аймгийн шүүхэд шилжсэн. Сүхбаатар, Дорнод аймгуудад ажиллаж байгаад шүүгчийн албан тушаалаа өндөрлүүлсэн. Хэнтий аймгийн шүүхэд ажиллаж их түүхийг бүтээлцсэн эрч хүч намайг  таван аймгийн шүүхэд ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хоёр удаа томилгоо авахуулж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах их хүслийн галыг өрдсөн гэж үздэг. Миний ертөнцийг бүтээлцэж, сэтгэлд хайрлагдан мөнхлөгдсөн шүүгч ажилтнууддаа энэхүү түүхт ойн мэндийг хүргэж, үйлс нь өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье.

      Би цагдаагийн хуульч ааваасаа үе залгамжлан хуульч болж, гуч гаруй жил ажилласан. Өөрийн ухамсарт амьдралаа шүүх эрх мэдлийг төлөвшүүлэх, шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох, нийгэмд шударга ёсыг хамгаалахын төлөө бүхий л оюун ухаан, мэдлэг чадвараа зориулах хүсэл минь өдий зэрэгт хүртэл ажиллахад дэм болж байсан. Нийгэмд гүйцэтгэх өөрийн үүрэг зорилгыг тодорхой мэдэрсэн хүн бол уйгагүй ажилладаг юм байна гэдгийг шүүхэд ажилласан он жилүүд маань надад мэдрүүлсэн.

      Шүүгч хүнд маш олон шаардлагууд хуулиар тавигддаг. Тэдгээрийн нэг нь хувь хүний төлөвшил. Амьдралын асар их мэдлэг туршлагатай байж, хүний эрхийн шийдвэрийг гаргах ёстой. Миний зарчим бол хуулиа баримтлан хэрэг маргааныг бүхэлд нь, олон талаас нь харж шийдвэрлэж байсан. Философийн үүднээс үзвэл  ерөнхийгөөс нэгж рүү хандвал бүх шийдлийг хангаж байдаг.

     Шийдвэрлэх хэрэг бүхэн толгой гашилгаж, чадавх сорьдог. Би гучаад жил ажиллахдаа нэг удаа цаазын ял оноосон. Шүүгч хүний хувьд Монгол улсын нэрийн өмнөөс цаазын ял сонсгоно гэдэг их хүнд байсан. Тэр хэрэг бол бага насны хүүхдийг хүчиндэж, амь насыг нь хөнөөсөн эрүүгийн хүнд хэрэг байсан. Анхан шатны шийдвэр шат шатны шүүхэд хянагдаж, гэмт  хэрэгтэн зохих цээрлэл хүлээсэн.    

      Д.Дашдорж: Шударга үнэний төв цэг байх зорилтдоо хүрсэн

- Би Хэнтий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн анхны даргаар 1993-2000 онд   ажиллахдаа хамт олонтойгоо эвлэж зүтгэж, инээж бүтээсэн сайхан дурсамжтай.    1992 оны Үндсэн хуульд нийцүүлсэн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд манай шүүх чармайн ажиллаж байлаа. Шүүгч ажилтнууд, шийдвэр гүйцэтгэгч бүр шинэчлэлд манлайлах, шүүгчийн шийдвэр “Шударга үнэний төв цэг” байх зорилт дэвшүүлж түүндээ хүрсэн. Түүхт ойн энэ өдөр 87 насны өндөрлөгөөс эргэн дурсахад шүүхэд ажиллах хувь заяатай байжээ. Бидний үеийн хууль одоогийнх шиг байгаагүй. Шүүгчид ч унаа тэрэг муу, орон байраар ч хангагдаагүй, эхэн үед боловсон хүчин тааруу байсан. ОХУ-ын болон зэргэлдээ аймгийн шүүхийн туршлага судалж, боловсон хүчнийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, мэргэжлийн сургуульд ажилтнуудаа сургаж чадавхжуулж байсны ачаар олонхи нь Ерөнхий шүүгчид, өмгөөлөгчид болцгоосон нь бахархал юм даа. Манай шүүхийг Ерөнхий шүүгчдийн даллагатай гэж хэлж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг Тамгын хэлтсийн харьяанд байсныг мөн чадавхижуулахад төвлөрч, 1998 он хүртэл ажлын үнэлгээ сайтай байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгаруулснаар манай шүүх жил бүр шилдгээр тодорч ирсэн. Түүнээс хойшхи 36 жилийн турш шүүгчдийн маань шийдвэр шударга үнэний төв цэг байж чадсан.