

Өвөө минь зөвхөн балчир зээ охиныхоо оюуныг тэтгэгч биш, монголын боловсролын түүхэнд өөрийн хувь нэмрийг оруулсан нэгэн байлаа. Хүн бүрийн амьдралд нэгэн чиглүүлэгч, үлгэр дуурайл болсон хүн байдаг. Миний хувьд тэр хүн бол өвөө Д.Цэдэн-Иш маань.
Мэргэд эрдмээр ханахгүй
Өвөө минь 1946 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Эрдэнэ суманд мэндэлжээ. Багаасаа хөдөлмөрч, сурах эрмэлзэлтэй өссөн нь хожим түүнийг ганц мэргэжлийн хүрээнд хязгаарлагдалгүй, боловсрол, дүрслэх урлаг, эрдэм шинжилгээний салбарт өөрийн мөрийг үлдээхэд хөтөлсөн юм.
Тэрбээр 1969 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөж, улмаар 1983 онд УБДС-г дүүргэн Дүрслэх урлаг, технологийн багшийн мэргэжил эзэмшжээ. Үүгээр зогсохгүй СХУ-ны дээд курст суралцаж, боловсролын салбарын мэдлэг, судалгаагаа улам гүнзгийрүүлсэн байна. 1998 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалж, МУБИС-д ахлах багшаар ажиллан, 2005 онд докторантаар элсэн суралцжээ.
Эрдэм мэдлэгт тэмүүлсэн энэ замнал нь 2006 онд Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж, 2010 онд МУБИС-ийн дэд профессор цол хүртэл үргэлжлэв. Ийнхүү багш мэргэжлээс эхэлсэн түүний замнал эрдэмтэн, зохиолч, редакторын түвшинд өргөжин, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Өвөө Д.Цэдэн-Иш маань эрдэмтэн, багш нартай хамтран ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай сургалтын төлөвлөгөө, стандарт, хөтөлбөр, зөвлөмжийг боловсруулах ажилд оролцож, нийтийн боловсролын тогтолцоонд өөрийн хувь нэмрийг оруулсан юм.

Уулын зам дагуух хичээл
Өвөө минь гадаад төрхөөрөө ч, дотоод сэтгэлээрээ ч хүний санаанд тод үлдэх сайхан эр хүн байв. Залуудаа царайлаг, өндөр цэх нуруутай, дөлгөөн харцтай, өөртөө итгэлтэй, инээхийг нь харсан хүн дагаж инээмээр тийм л хүн байсан гэдэг. Хувцаслалт, биеэ авч явах байдал нь даруухан хэрнээ цэгцтэй, өөрийн гэсэн дэгжин төрхтэй байсан нь боловсролтой сэхээтэн хүний шинжийг үзүүлдэг байж.
Намайг уулзах болгонд энгэртээ нааж, энхрийлэн тэвэрч, аюулгүй тайван гэдгийг мэдрүүлдэг байсныг би одоо ч санадаг юм. Зун бүр хөдөөгөөр аялахад өвөө уулын оройг зорин алхах дуртай сан. Тэр замд таарах цэцэг, навч, ургамал бүрийг нэрлэн зааж өгнө. Тухайн үед би тоолгүй ердийн л нэг зүйл гэж хүлээж авдаг байлаа. Харин одоо эргэн бодоход өвөө маань надад сургууль заагаагүй хичээлийг амьдрал дээр зааж өгч байжээ.
Өвөө алхахдаа огт яарахгүй, эргэн тойрноо ажиглаж, анзаарсан юмс бүхнийхээ учрыг тайлбарлана. Өнгийн цэцэгсийн нэр, эмийн ургамлын ид шидийг хүүрнэхдээ зүгээр нэг цээжлэх бус чин сэтгэлээсээ сонирхож байж суралцдагийг зааж байсан юм.

Зурсан зургаа номноос олсон өдөр
Жаахан байхдаа зураг зурж чадахгүй гэж гомдоллоход өвөө “Зурж чадах зургаа тултал нь сайн зурчих” гэж урамшуулж байлаа. Нэгэн удаа өөрийгөө болон эгчтэйгээ гоё байгальд ганган хувцастайгаар үзүүлбэр үзүүлж байгаагаар зурж үзүүлэхэд “Хөөрхөн болсон байна” гээд духан дээр минь үнсэж билээ. Хэдэн өдрийн дараа гэрт ирэхэд нэгэн дүрслэх урлагийн ном өгч нээлгэтэл, хуудасны дотор миний зурсан зураг, миний нэртэй хэвлэгдсэн байв. Тэр мөч надад "чи чадна" гэдгийг анх удаа үнэхээр итгүүлсэн нь үг биш, харин түүний үйлдэл байлаа.
Өвөө минь дүрслэх урлаг, технологийн багшийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш энэ чиглэлээрээ хүүхдүүдэд урлаг, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан мэдлэг олгохыг эрхэмлэж явсан хүн. Түүний энэ хөдөлмөр зөвхөн багшилсан хичээлээр нь хязгаарлагдсангүй. I–VIII ангийн “Дүрслэх урлаг, технологи” хичээлийн 21 сурах бичиг, 11 багшийн номын багийн ахлагчаар ажиллаж, дүрслэх урлагийн боловсролын агуулгыг хүүхдүүдэд хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан юм.
Өвөөгийнд очих бүртээ нэг ном авч уншдаг байсан. Тэр номын сан зүгээр нэг тавиур дээрх номнууд биш, харин эрдмийн ертөнц шиг санагддаг байв.
Тэр өөрийн мэддэг зүйлээ хүүхдүүдэд ойлгуулж, тэдний хийсэн жижигхэн бүтээлээс ч боломжийг олж хардаг багш байжээ. Харин миний хувьд түүний энэ чанар нэгэн номын хуудсан дээр миний нэртэй хамт үлдсэн тэр зургаар хамгийн тод дурсагддаг.
Сүүлчийн гурван захиас
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч өвөө хийж бүтээхээ зогсоосонгүй. Сүүлд гадаад, дотоодын хэвлэлд 50 орчим өгүүлэл нийтлүүлж, докторын ажилд 20 гаруй удаа шинжээчээр оролцсон юм. Түүний 50 дахь бүтээл нь "Монгол ардын хээ, угалзын судалгаа, шинэчлэл" ном байв. Энэ ном өвөөгийн бүхий л туршлагаа нэгтгэсэн эцсийн бүтээл нь болсон юм. Өвөө минь элэгний хорт хавдар өвчний сүүлийн шатанд орсноо өөрөө мэдэн, бүх ажлаа цэгцэлж дуусгаад, үр хүүхэд, ах дүү нартаа гурван захиасаа захиж үлдээсэн билээ.
Нэгдүгээр захиас: Монгол эх орноо сэтгэл зүрхэндээ дээдлэн, хийж буй ажлаа эх орныхоо төлөө гэж сэтгэн, том харж амьдраарай.
Хоёрдугаар захиас: Үр хүүхдүүдээ хамгийн эрүүл, чийрэг, өндөр ухамсартай, өргөн боловсролтой болгон хүмүүжүүлэх нь та бүхний хамгийн том үүрэг. Монгол сэтгэлгээ, зан заншил, соёл болон удмын чин шударга зан чанарыг үр удамд тасралтгүй дамжуулаарай.
Гуравдугаар захиас: Ах дүү, төрөл садан, найз нөхдөө хайрлан хамгаалж, санаа тавихдаа үгээр биш үйлдлээрээ хий. Орчин тойрондоо байгаа бүх хүнийг халамжилж, хамгаалах нь чиний том үүрэг юм шүү. Эдгээр гурван захиас бол өвөөгийн наян жилийн туршид туулж өнгөрүүлсэн амьдралаас нэрж авсан, биеэрээ үлгэрлэн харуулсан зүйлсийнх нь нэгдэл байлаа.
Өвөө минь өөрөө байхгүй ч хийсэн бүтээсэн бүхэн нь хэдэн үеийн хүүхдүүдэд боловсролыг түгээсээр байна. Харин миний хувьд тэрээр уулын замаар ургамлын нэрийг зааж алхдаг бүхнийг мэдэгч, зурсан зургийг минь номонд нийтлүүлсэн шидтэн шиг нэгнээр дурсагдсаар байх болно.
Л.Маралжин
