Товч мэдээ
7 мин өмнө
1078
"Түргэн тусламжийн машиныг хаасан" гэх бичлэгийн цаана харилцааны алдаа байжээ

Түргэн тусламжийн төвийн автомашин хүний амь нас, эрүүл мэндийн төлөө цаг минуттай уралдан явдаг. Эмч, жолоочийн бүрэлдэхүүнтэй баг өвчтөнийг эмнэлэгт аль болох богино хугацаанд хүргэхийн тулд замын хөдөлгөөнд дохио, дуут дохиогоо ашиглан зорчдог.

Саяхан түргэн тусламжийн машин яаралтай дуудлагаар явж байх үед урд нь явсан цагаан өнгийн “Приус” автомашины жолооч замын хөдөлгөөнд саад учруулж, хэд хэдэн удаа огцом тоормосолсон гэх бичлэг цахим орчинд тарж нилээдгүй шүүмжлэлийг дагуулсан. Тухайн үед түргэн тусламжийн баг нэг сартай жирэмсэн эмэгтэй ухаан алдсан гэх яаралтай дуудлагын дагуу явж байсан байна.

Ямар ч тохиолдолд түргэн тусламжийн автомашины замыг хааж, саад учруулах нь буруу хэдий ч энэ мэт нөхцөл байдал үүсэхэд зөвхөн жолоочийн буруугаас шалтгаалдаггүй гэдгийг түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн ахлах н.Айболот эмч онцоллоо.

Түүний хэлснээр, хүн хоорондын харилцаа, ойлголцлын алдаанаас шалтгаалан ийм нөхцөл байдал үүсэх нь бий. Ялангуяа нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй энэ үед түргэн тусламжийн автомашинд иргэд маш сайн зам тавьж өгдөг. Гэхдээ тухайн үед үүссэн нөхцөл байдалд яарсан байдлаас шалтгаалж дууны өнгө буруу болох, нэг нэгэндээ бухимдсан байдлаар үг хэлэх зэргээс үл ойлголцол үүссэн байсан. Мөн жолооч нь шинэ, туршлага багатай байснаас сандарч, тухайн нөхцөлд хэрхэн зөв үйлдэл хийхээ мэдэхгүй будилахыг ч үгүйсгэхгүй гэдгийг хэллээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, түргэн тусламжийн эмч, жолооч гээд бүх тал харилцан хүлээцтэй байж, нэгнээ зөвөөр ойлгох нь чухал юм.