

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотод үргэлжилж байна. Хуралдаанд оролцогч орнуудын төлөөллүүдийн байр суурийг хүргэе.
Урсула Зауттер: COP17 хурлын үеэр нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх нь чухал

ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга, доктор Урсула Зауттер:
-1999 онд Боннд хот болон цөлжилтийн асуудлаар дэлхийн хотын дарга нарын форум болж, хот, орон нутгийн захиргааны түвшинд цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцсэн. Хотууд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хамтын ажиллагаа, мэдээлэл, туршлагаа солилцсон. Орон нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэж, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөлжилтийн асуудлыг онолоос илүү бодит туршлага, хэрэгжүүлсэн шийдэлд тулгуурлан хамтран шийдвэрлэж, үзэл баримтлал, саналаа боловсруулах нь маш чухал байдаг.
Андре Виола: Ус, хөрсийг хамгаалах хариу арга хэмжээ авах хэрэгтэй

Франц Улсын Од (Aude) мужийн Европ болон Олон улсын харилцаа хариуцсан зөвлөх Андре Виола:
-Дэлхийн бүх хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байна. Бонн хотод гэхэд гурван сарын турш 40 хэм хүрч халж байлаа. Мөн энэ нөхцөл байдал бүс нутгийн хэмжээнд ч үргэлжилсэн. Бид уур амьсгалын өөрчлөлтийн хямралын эхэн үе болон шийдлийн ч эхэн үедээ зогсож байна. Бүс нутгийн түвшинд дараах шийдлийг гаргах ёстой. Нэгдүгээрт, усны менежментийг хэрэгжүүлнэ. Дараа нь хөрсний сэргээлт, байгалийг хамгаалах ёстой. Энэ мэт олон шийдэл байна. Хамгийн чухал нь олон улсын оролцогчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөдөө аж ахуйн байгууллагууд, хувийн хэвшил гээд бүх тал асуудал бүрд оролцоотой байж, дуу хоолойгоо сонсгох боломж энд бүрдэж байна. Үүнээс гарсан хариу арга хэмжээ нэгдмэл, олон улсын түвшинд байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг орон нутгийн засаг захиргаа зөвхөн зөвлөгөө аваад зогсохгүй өөрсдийгөө ижил түвшний оролцогчдоо хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, усны хэрэглээнд анхаарах нь чухал байна.
Фиона МакКлуней: Гарсан шийдлүүд хэрэгжих нь чухал

НҮБ-ын Хүн амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөрийн Дэлхийн шийдлийн хэлтсийн хөтөлбөрийн менежментийн Ахлах Фиона МакКлуней:
-Талуудын бага хуралд бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл заавал оролцож, дуу хоолойгоо хүргэх ёстой. Мэдээж гарсан шийдлүүд хүнд сурталгүй хэрэгжих нь чухал. Өнгөрсөн зун гэхэд Европт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц илэрсэн. Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд ч ихээр нөлөөлж байна. Хотоос гадна хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэр байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож байж шийдвэрлэх гарцаа олно.
