М.Нансалмаа
Сэтгүүлч
Орон нутаг
3 цагийн дараа
170
Өмнөговь аймгийн Манлай суманд бүтэн сарын турш шатахуун тасарчээ

Манай улсын цор ганц шатахуун нийлүүлэгч ОХУ-д нөхцөл байдал хүндэрсний улмаас наадмын дараагаас шатахууны хомсдол эхэлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хомсдолыг арилгахаар ажиллаж байна. Салбарыхан энэ долоо хоногт нийслэлийн нөхцөл байдал тогтворжино гэж мэдээлсэн юм. Гэвч хөдөө орон нутагт шатахуун олон хоног тасарч, хүндрэл үүсч байгааг иргэд хэлж байна. 

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин:

"Манай нутагт гантай байгаа учраас отор нүүдэл их хийдэг. Энэ үед шатахуунгүй болчихоор малчдын нөхцөл байдал маш хүндрэлтэй болж байна.

Зэргэлдээ сумдад хязгаартай олгож байгаа боловч манайх хамгийн захын сум учраас бүтэн сар шатахуунгүй байлаа. Хөдөөний малчид байнга шатахуун түгээх станц сахиад байж чадахгүй шүү дээ"

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин: "Хотод шатахуун орж ирлээ, хязгаарлалтгүй олголоо л гээд байна. Гэвч орон нутагтаа хүрч, хөрсөн дээрээ бууж ажиллахгүй юм. Дизель түлш байгаа хэдий ч шатахууны хэрэглээ их шүү дээ. Бүтэн сар ийм байдалтай байлаа" гэв. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа. 

Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: Нийслэлд шатахууны эрэлт их байгаа учраас орон нутагт тэнцвэртэй хуваарилах боломжгүй байна. Ирэх долоо хоногоос хөдөө орон нутаг руу нийлүүлэлтийг эрчимжүүлнэ.