

Спортын өсөлтийг дэмжигч, үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан мэргэжлийн сургалтыг Монголд анх удаа, үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бие бялдрын хөгжил болон багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймгийн төв, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулсан билээ. Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 2026 онд 35 жилийн ойн хүрээнд тэмцээний цар хүрээг өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-ийг зохион байгуулж буй. Тус тэмцээний аймаг, орон нутгийн шатны тоглолтууд саяхан өндөрлөж, шилдэг багууд 2026 оны 8-р сарын 25–27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохиогдох бүсийн аваргын төлөөх тоглолтод өрсөлдөх эрхээ аваад байна.

Тэмцээний цар хүрээ ийнхүү өргөжихийн зэрэгцээ 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тамирчдаас гадна дасгалжуулагч, шүүгчдийн мэргэжлийн ур чадвар, нэгдсэн стандарт чухал юм. Энэ хүрээнд дасгалжуулагч, шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Монголд анх удаа зохион байгуулна. 3x3 сагсан бөмбөгийн дасгалжуулагч, шүүгч болох сонирхолтой, хүрэлцэн ирсэн хүн бүрд сургалт нээлттэй бөгөөд сургалтаар тус спортын онцлог, тоглолтын дүрэм, тэмцээний зохион байгуулалт, тоглолтын үеийн шийдвэр гаргалт, тамирчдыг хөгжүүлэх арга зүй зэрэг мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн сургалтад бүрэн хамрагдсан оролцогч бүрд Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос мэргэжлийн сертификат олгох юм.
Сургалт зөвхөн тэмцээний хүрээнд зохион байгуулагдах нэг удаагийн арга хэмжээ бус, 3x3 сагсан бөмбөгийн дүрэм, стандартын талаарх нэгдсэн ойлголтыг бий болгож, дасгалжуулагч, шүүгчдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, цаашлаад орон нутагт тус спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах онцлогтой юм.
Сургалтын хуваарь:
Дасгалжуулагч нарын сургалт
- Хугацаа: 2026 оны 8-р сарын 25–27-ны өдрүүдэд, 08:00-12:00 цагт
- Байршил: Улаанбаатар хот, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3x3 сагсан бөмбөгийн талбай
Шүүгчдийн сургалт
- Хугацаа: 2026 оны 8-р сарын 28–29-ний өдрүүдэд, 15:00-18:00 цагт
- Байршил: Улаанбаатар хот, Хүүхдийн 100, Сөүлийн гудамж, ХААН Банкны оффис дахь ХААН Театр
Сургалт болох өдрүүдэд газар дээр нь бүртгэх бөгөөд бүртгэл болон бусад мэдээллийг 9961-9958 дугаараас лавлана уу.
Монголын 3x3 сагсан бөмбөгийн хөгжлийн дараагийн үеийг хамтдаа бүтээцгээе.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
