Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.08.24 11:31
179
COP17 хурлын үеэр Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна.

Энэхүү арга хэмжээ ирэх 8-р сарын 17-ноос 28-ны хооронд үргэлжилж буй. Дэлхийн 197 талууд буюу олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийн 10 мянга орчим элчин сайд, өндөр дээд түвшний төлөөлөгчид  хүрэлцэн ирж цөлжилт, газрын  доройтол, ган гачигтай холбогдох асуудлаар манай улсад хуралдаж байна.

Монгол Улс энэ хурлыг зохион байгуулснаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.

Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ.

Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ.

Мөн COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй,  ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам юм.

Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын бодлого, цэвэр эрчим хүч, тогтвортой хот байгуулалтын чиглэлд бодит үр дүнг бий болгосон. Тухайлбал, Mitigation Action Facility (MAF)-аас 32.5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт татан төвлөрүүлж, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна.

Энхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм. Түүнчлэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дайчлах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.