

Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгүүлж, цагдан хориулж байна гэх мэдээлэл өнгөрсөн баасан гарагаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдаж эхэлсэн. Уг мэдээллүүдэд Б.Чинбатын хууль бус ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хөрөнгөжсөн хурандаа нар оролцож, гэмт хэрэг үйлдээгүй энгийн иргэнийг шоронд хийж байгаа талаар дурдагдаад буй.
Тодруулбал, 2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” гэж зааснаар хайгуулын талбайд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхтэй. Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг болдог. Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Б.Чинбатын олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлосон үйл ажиллагааг шалгахгүй байгаа нь түүнийг гарт хууль хяналтын байгууллагынхан бүрэн орсон байгаа нь илт харагдаж байгаа талаар дурджээ.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас уг хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ингэхдээ Урьханы Б.Чинбатын хэрэгт хуулийнхан үнэхээр оролцоотой юм биш биз дээ гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл хийв.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт цацагдаж эхэлсэн иргэн В.Ганзоригийг хуулийн хонгилоор чирж байна гэх мэдээлэлд дурдагдаад буй хуулийнхныг шалгаж, уг хэрэгт үнэхээр холбоотой эсэхийг шалгаж тогтоогоогүй болохоо мэдэгдэв. Угтаа бол уг мэдээлэл цацагдсан даруйд нэр дурдагдаад буй хуулийнхныг шалгаж тогтоох ёстой. Ингэж байж уг хэрэгт хуулийнхан үнэхээр оролцож, хэрэгт нөлөөлөв үү, иргэн В.Ганзоригийг хуулийн хонгилоор чирж байгаа нь үнэн үү гэдэг нь бодитой болно. Гэтэл мэдээлэлд нэр дурдагдаад буй хуулийнхныг шалгаагүй, нөгөө л алдартай “Хэрэгт нөлөөлөх боломжгүй” гэдэг үгээ хэлж сууна.
“Хэрэгт нөлөөлөх боломжгүй” гэх халхавчийн цаана үнэхээр нөлөөлчихсөн бол яах вэ. Тиймээс заавал шалгаж шалгалтын үр дүнгээ мэдээлэх байтал гарсан мэдээллийн араас хоёрхон хоногийн дараа яаран сандран мэдээлэл хийж байгаа нь эргэлзээ, хардлага төрүүлэхээр байна.
