m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.08.24 15:27
248
Наадмын маргааш намар гэдэг үгийг эрхэм дарга нар минь битгий мартаарай

Төрийн тэргүүн маань жил бүрийн наадмын хаалт дээр “Наадмын дараа намар гэдэг, намрын улиралд назгайралгүй, хадлан тэжээлээ одооноос сайн бэлтгээрэй” гэсэн vгийг ёс юм шиг захидаг. Бодвол манайх шиг эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө байдал хүндэрвэл малчид нь хэдэн малаа тавьж туучихаад дараа нь төр засгаасаа элдэв юм гуйдаг болохоор тэгж захидаг биз. Мөн эрх барьж буй намынханд ч энэхүү үгийг зориуд хандаж хэлдэг байх. Тэгвэл энэ үгийг одоо хэн нэгнээр хэлүүлэх биш өөрсдөө дор бүрнээ санах цаг нэгэнт иржээ. Наадмын дараа намар гэдэг үг бол тэр баяр наадам чинь аль хэдийнээ дуусчихаад байгаа шүү. Одоо ажилдаа гарах хэрэгтэй гэж сануулсан үг юм. Гэтэл одоо болтол Монголын төр элдэв янзын наадам, форум зохион байгуулсаар байна.

Гэхдээ энд нэг зvйлийг сануулж, хэлэхэд бид нарыг ингэж элдэв янзын наадам форум зохион байгуулж дууссаны дараа өвлийн улирал гэнэт айлчлан ирнэ гэдгийг бүү март. Одоо өдөр бүр нарны илч буурч, өдөр богиносож байгаа. Үүнийг дарга нар огт ойлгохгүй юм. Жилийн жилд бид өвлийн бэлтгэл муу хангадгаас болж маш их зардал чирэгдэл болдог.

Харин саяхан Засгийн газраас захирамж гаргаж, найр наадмаа энэ сард багтааж дуусга гэсэн шийдвэр гаргалаа. Тэгэхээр одоо нэгэнт наадам дууссан хойно хадлан тэжээл, халаалт дулааныхаа асуудлыг ярьж эхлэх хэрэгтэй.

Төв суурингийн бид нар ч яахав, халаалтаа шийдчихвэл болоо. Харин хөдөө орон нутийнхан маань одооноос хадлан тэжээлээ сайн бэлдмээр байна. Урьдах жилүүдэд хадлан тэжээлээ эртнээс бэлтгээгүйгээс болж улсаас бөөн өвс тэжээл гуйсан. Харин ч энэ зун өнгөрсөн жилүүдийг бодвол бороо хур гайгүй орж, нутаг нутгийн зуншлага сайхан боллоо. Ногоо ч хангалттай сайн гарсан. Тиймээс хадлан тэжээлээ сайн авчихвал улсын нөөцөөс гуйгаад байх шаардлагагүй болно. Тэгж чадвал ядаж улсын төсөв мөнгө ч төдий хэмжээгээр хэмнэгдэнэ. Магадгүй зарим хүмүүс энэ жил сайхан зун болсон юм чинь өвөлдөө өнтэй байна гэж бодож, найр нааадам хийхэд яадаг юм гэж бодож болох юм. Тэр ч бүү хэл эртээд телевиз үзэж суухад өнгөрсөн жилийн өвсний нөөц дуусаагүй байгаа, тийм учраас энэ өвөлдөө ажрахгүй гэж ярих албан тушаалтан ч байна билээ.

Тэгвэл тэр том албан тушаалтанд хандаж хэлэхэд, цаг агаарын үзэгдлийг таах арга байхгvй. Зун хэдий сайхан болсон ч, цаг хатуурвал хэцүүдэж л таарна. Тийм болохоор төр засгийн удирдлагуудад хандаж хэлэхэд наадам сайхан болсон ч одоо өвөлдөө бэлтгэх цаг нэгэнт болсон. Тиймээс одооноос өвлийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй байна. Наадмын маргааш намар гэдэг үг байдгийг эрхэм дарга нар минь битгий мартаарай.

Ж.Батдорж