

Өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын сан” (GIRAF)-г албан ёсоор нээлээ. Тус санг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассет менежмент” ХХК удирдаж,
Олон улсын байгууллагууд болон төрийн хамтарсан 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас 25 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт төвлөрүүлж байна.
Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилт олгох юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банк хооронд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн салбарт тулгараад буй бэлчээрийн даац хэтрэлт, мал аж ахуйн тогтворгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэх олон сөрөг хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой юм. Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн тодорхой хэсгийг GIRAF-аар дамжуулан хэрэгжүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн түүхий эд нийлүүлдэг уламжлалт бүтцээс үе шаттайгаар шилжиж, үр дүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээнд суурилсан тогтвортой эдийн засгийн шинэ бүтэц бүрдэх суурь нөхцөл бүрдэнэ.
