

Хичээлийн шинэ жил эхэлж, худалдаа наймаа ид өрнөдөг хамгийн чухал үетэй КОП-17 олон улсын хурлын зохион байгуулалт давхцаж, Дүнжингарав, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдийн зогсоолыг хаагаад байна. Энэ бол худалдаа эрхлэгчдийн хувьд жилийн хамгийн чухал үе. Хүүхдийн хичээлийн хэрэглэл, хувцас, гутал, цүнх зэрэг барааны эрэлт нэмэгдэж, хэдхэн долоо хоногийн хугацаанд жилийн орлогынхоо тодорхой хэсгийг бүрдүүлдэг.
Гэвч яг энэ үед худалдааны төвүүдийн зогсоол хаагдсанаар худалдан авагчдын урсгал буурч, худалдаа эрхлэгчдийн борлуулалт саарч байна. Энэ талаар манай сайтын зүгээс Дүнжингарав дээр худалдаа эрхэлдэг хүмүүсээс дараах тодруулгыг авлаа.
Тэрээр зогсоол хаасан өдрөөс эхлэн худалдан авагч ирэхгүй, бараа борлогдохгүй байна. Лангуу, талбайн түрээсээ төлөх, банкны зээлээ барагдуулах, ажилчдын цалин болон бусад зардлаа гаргах шаардлага хэвээр. Бидний зүгээс олон улсын арга хэмжээг эсэргүүцээгүй ч төр өөрөө хувиараа бизнэс эрхэлдэг хүмүүсийнхээ эсрэг ийм бодлого гаргаж байгаад бухимдалтай байна. Манай улс хэзээ ч хувиараа бизнес эхлэгчдлээ дэмжсэн бодлого гаргадаггүй хэрнээ ид орлогын үеэр биднийг ингэж хохироож байна. Төр өөрөө бүсээ чангалах биш хэдэн хувиараа бизнес эрхлэгчдийхээ бүсийг чангалсаар байна.
Ялангуяа өдөр тутмын борлуулалтаараа бизнесээ эргэлдүүлдэг жижиг, хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь илүү хүнд тусаж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зориулж бараагаа урьдчилан татсан худалдаачид борлуулалт хийх боломжгүй болсон ч зээл, түрээс болон барааны төлбөрөө төлөх хугацаа хүлээхгүй.

Төрөөс зохион байгуулж буй олон улсын хэмжээний арга хэмжээний аюулгүй байдал, зохион байгуулалтыг хангах шаардлага бий. Гэхдээ үүний зэрэгцээ тухайн бүсэд бизнес эрхэлж, амьдралынхаа орлогыг бүрдүүлдэг иргэдийн эрх ашиг, эдийн засгийн хохирлыг хэрхэн тооцсон бэ гэдэг асуудал мөн тавигдаж байна. Нэг талд нь олон улсын арга хэмжээ, нөгөө талд нь жилийнхээ орлогыг бүрдүүлэхээр хичээж буй жижиг бизнес эрхлэгчид байна.
Тэдний хувьд зогсоол хаагдсан хэдхэн өдөр нь зүгээр нэг “зогсоол ашиглах боломжгүй болсон” асуудал биш. Харин борлуулалт буурах, орлого тасалдах, зээл болон түрээсийн дарамт нэмэгдэх бодит эдийн засгийн асуудал болж байна. Тиймээс КОП-17 хурлыг зохион байгуулах явцад бизнес эрхлэгчдэд учирч буй энэ нөхцөл байдлыг төр хэрхэн зохицуулах, худалдаа эрхлэгчдийн алдагдлыг хэрхэн тооцох, тэдний хэвийн үйл ажиллагааг хангах ямар шийдэл гаргах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна.
