

Манай улс соёлын зориулалтаар 2026 онд гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 399 хүртэл толгой байхаар тогтоожээ. Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 90 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсон байдаг. Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг байна. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн Засаг дарга 350 толгой хүртэлх толгой идлэг шонхор барих зөвшөөрөл олгожээ.
Гэвч сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой асуудлууд ээлж дараалан хөвөрсөөр байна. Тийм ч учраас “Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх” саналд 25,409 иргэн гарын үсэг зуржээ.
Уг нийтийн өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд холбогдох ажлын хэсэг байгуулагдах боломж бүрддэг. Зөвшөөрөл авсан л бол яаж ч болно гэж зоргоороо авирлах баян Арабчуудад хариуцлага хэрэгтэй!
Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт Монгол иргэнийг Арабууд 10 настай хүүхдийнх нь нүдэн дээр дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Уг явдлын дараа Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор аймагт соёлын зориулалтаар идлэг шувуу барих зөвшөөрлийг цуцалсан юм. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал суманд байршаад байсан 9 отгийн гадаадын иргэдэд танилцуулан, отгуудыг буулган, буцаах арга хэмжээг аваад байна. Энэ мэтчилэн хяналт, шалгалтыг үргэлжлүүлж, шаардлагатай бол зөвшөөрлийг цуцлахыг иргэд шаардаж байна.
