

КОП-17 хурлын цэнхэр бүсэд хонины ноосыг ноолуур шиг болгон боловсруулж буй эмэгтэйчүүд олны анхаарлыг татаж байлаа. Гадны зочидтой эвлэгхэн гэгч нь ярилцаж, бүтээгдэхүүнээ тайлбарлах нэгэн бол Монгол улсын ноос, ноолуурын зөвлөх инженер Б.Эрдэнэцэцэг юм. Тэрээр "Ноос бол цагаан алт мөн. Гагцхүү бид түүнийгээ боловсруулж чадалгүй хаяж байгаа нь харамсалтай байна" гэв.
-Та бүхэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Бид нар КОП-17 хурлын үндсэн агуулгатай холбогдуулан монголын уламжлалт аргаар эсгий, ширмэл хийх үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
-Гадны зочид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хуралд оролцож байгаа гадны зочид, төлөөлөгчид маш их сонирхож байна. Шууд барьж үзээд л "Ноолуур уу?" л гэж асуугаад байгаа юм. Нэг талаасаа ноолуур бол монголын нэр хүндийг өргөдөг бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Нөгөө талаас хонины ноосыг боловсруулж чадвал ноолууртай андуурагдахаар байна.
-Хөдөө орон нутагт хонины арьсыг үнэд хүрэхгүй гээд малчид тэр чигт нь хаях тохиолдол байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Манай улс жилд 20 гаруй мянган тонн хонины ноос боловсруулдаг гэж яриад байгаа юм. Гэвч тэрнээс гадна ч үлдээд байна. Орон нутагт өөрсдөө хэрэглэж чадахгүй, дээр үеийнх шиг очиж авах агент байхгүй учраас
хонио хяргачихаад овоолоод л хаячихаж байна. Би тэрэнд маш их харамсдаг. Хэрвээ бид сайхан боловсруулж чадвал жинхнээсээ тэр чинь цагаан алт л гэсэн үг.
Жишээ нь энэ жижиг бүтээгдэхүүнийг хийхэд атга ноос л орно. Атга ноосыг 10 мянган төгрөг хүргэж болж байна. Тэгэхээр бид хайран юмаа хаяж болохгүй, энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
-Орон нутагт ноос боловсруулалтыг дэмжих ямар ажлууд хийгдээсэй гэж боддог вэ?
"Цагаан алт" гээд сайхан том хөтөлбөр яваад байна. Тэрнийхээ хүрээнд сумдуудад ноос боловсруулах ийм машинуудыг өгчихвөл их том алхам болох байх гэж бодож байна. Ээрүүл, самнах төхөөрөмж гээд цөөн хэдэн л төхөөрөмж бий. Услаад эсгийрүүлж байгаа нь манай монгол технологи шүү дээ. Мөн иргэдэд хийх аргын талаар сургалт явуулах хэрэгтэй. Химийн ширхэгтээр хийсэн сандал дээр суухын оронд хонины ноосоороо хийсэн олбог хийж хэрэглэж болж байна. Дээр үед хүн бүхэн үйлдвэрлэгч болъё гэдэг байсныг сэргээмээр санагдаж байна.
-Уламжлалт ноос боловсруулах аргаасаа их холдсон байна. Өдөр тутамдаа хийхэд хэцүү юу, эсвэл сэргээхэд л болох уу?
-Манай малчид хийж чадна гэж найдаад байгаа юм. Яагаад гэвэл энэ чинь манай уламжлал шүү дээ. Зарим хүмүүс яаж хийгээд байна гэхээр нь би цаашлуулаад "Тунгалаг тамир" кино үз гэж хэлдэг юм. Холдчихсон хүмүүст жаахан хэцүү харагддаг байж магадгүй. Миний хувьд өөрөө дурлаад хийдэг учраас тийм ч хэцүү биш.
Энэ жилийн хувьд хонины ноос килограмм нь 1800-2500 төгрөгийн хооронд байна. Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" хөтөлбөр нь 2024-2028 онд хэрэгжих юм. 2.19 их наядын төсөвтэй энэхүү хөтөлбөрийн хүрээнд ноосны боловсруулалтын түвшинг 25%-иас 55% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
