m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
6 цагийн дараа
243
Н.Учралын Засгийн газрыг огцруулаад ямар ч үн дүн гарахгүй

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Учралыг огцруулна хэмээн мэдэгдэж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүний 40 нь Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл “Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “"Огцор" гэдгээс өөр улс төргүй нам байж болохгүй. Н.Учралыг огцруулаад дараагийн Ерөнхий сайд нь хэн байх юм. Хэн сайжруулах юм. Яаж ч улс төржсөн давахгүй шугам гэж байх ёстой. Шатахуун, эрчим хүч, хоол хүнсээр улс төржиж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мэдээж өнөөдөр Н.Учралын Засгийн газар сайн ажиллаж байгаа гэж хэн ч хэлэхгүй. Учир нь өнөөдөр түүний удирдсан Засгийн газар иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой ажил хийхгүй байгаа нь үнэн.

Аливаа улсын төр юу хийх ёстой вэ? гэхээр гуравхан үүрэгтэй байдаг. Нэгдүгээрт, хүүхэд багачууд нь чанартай боловсрол эзэмших ёстой.

Хоёрдугаарт, улс орны ирээдүй болсон залуучууд ажил хөдөлмөрөөр хангагдаж, олж байгаа орлого нь ипотекийн зээлийг нь төлөхүйц байх ёстой. Энэ бол төрийн хоёр дахь үүрэг.

Гурав дахь үүрэг бол насаараа улсад ажилласан ахмадуудын авч байгаа тэтгэвэр амьдралд нь хүрэхүйц, даралтынхаа эмийг авч чадахуйц хэмжээнд байх ёстой. Гэтэл төр өнөөдөр энэ гурван үүргийг умартсан байна.     

Гэхдээ энд нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Өнөөдөр Монгол улсыг УИХ-д олонх байгаа эх баригч МАН удирдаж байгаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралыг огцруулаад ямар ч үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Учир нь түүнийг огцруулсан ч хүссэн хүсээгүй дахиад нэг Учрал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй.

Тиймээс үлдэж буй сонгуулийн хугацаанд АН-ынхан эрүүл саруулаар хандаж, эрх баригч МАН-ынхныг ажлаа сайн хийхийг шахах ёстой. 

Учир утгагүй улс төр хийж Засгийн газар болгоныг огцруулаад байвал төрийн ажил цалгардаж, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэдэгтэй адил ямар ч үр дүнд хүрэхгүй.  

Ж.Батдорж