

Хятадын онлайн худалдааны платформ Temu-ээр худалдаалж буй хүүхдийн хувцас, хэрэглээний зарим бүтээгдэхүүнээс аюултай химийн бодис илэрсэн тохиолдол Өмнөд Солонгост бүртгэгджээ.
Сөүлийн хотын захиргаа 2024 оны 11 дүгээр сарын 22-нд Temu-гээр худалдаалж байсан хүүхдийн өвлийн хувцас, хүрэм зэрэг 26 бүтээгдэхүүнд шалгалт хийхэд долоон бүтээгдэхүүнээс хар тугалга болон фталатын төрлийн хуванцаржуулагч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 622 дахин их илэрсэн байна.
Мөн хүүхдийн усны хамгаалалтийн малгайд хар тугалгын агууламж стандартаас 20 дахин их байжээ.
Анхны тохиолдол
2024 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Гаалийн алба AliExpress болон Temu платформоор худалдаалагдаж байсан хүүхдийн 252 бүтээгдэхүүнийг шинжилж, 27 бүтээгдэхүүнээс фталат бодис 82 дахин их илэрсэн талаар мэдээлж байжээ.
Фталат, хар тугалганы хортой нөлөө
Фталат буюу DEHP нь хуванцарыг зөөлрүүлэхэд ашигладаг бөгөөд хүүхдийн өсөлт, нөхөн үржихүйн үйл явцад, харин хар тугалга хүүхдийн тархины хөгжил, мэдрэлийн тогтолцоо, сурах чадварт сөргөөр нөлөөлдөг эрсдэлтэй бодис юм.
Олон улсын хавдар судлалын агентлагт DEHP нь “хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй” гэж мэдээлэгдсэн байдаг.
Иймээс хүүхдийн бүтээгдэхүүнд хар тугалга, фталат зэрэг бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх нь ноцтой асуудал юм.
Сөүлийн захиргаа шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаанаас татах арга хэмжээ авахыг платформуудаас шаардсан бөгөөд мэдээлсэн бүтээгдэхүүнийг платформоос хасжээ.
2024 оны арваннэгдүгээр сараас “Temu” Монголын зах зээлд нэвтэрсэн бөгөөд захиалсан барааны нийт үнэ 24 тэрбум төгрөг хүрсэн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн онцлон дурдсан.
Гэвч гадаадын онлайн худалдааны платформоор орж ирж буй бүтээгдэхүүн бүрийг химийн найрлага болон аюулгүй байдлын үзүүлэлтээр тогтмол шинжилдэг, сүүлийн жилүүдэд ийм төрлийн бүтээгдэхүүнд хэдэн удаа хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй, нэгдсэн статистик мэдээлэл хомс байна.
2023 онд Их Британи улсын Which? байгууллагын хийсэн цахим шалгалтаар “Temu”-д цахилгаан халаагуур, хууль бус зэвсэг зэрэг аюултай бараа зарж байсныг илрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй Temu “апп” ынхаа хэрэглэгчийн мэдээллийг хууль зөрчин цуглуулж байсныг Германы Stiftung Warentest илрүүлэв.
2024 оны долоодугаар сард Итали улсын хэрэглэгчийн холбоо Altroconsumo “Temu”-гээс худалдан авсан 25 барааг шалгаж, барааны ихэнх нь үндэсний болон Европын Холбоо стандарт зөрчсөн болохыг шинжилгээгээр тогтоосон.
2024 оны наймдугаар сард Дани улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хараат бус байгууллага Forbrugerrådet Tænk-ийн хийсэн шалгалтаар 38 барааг шалгахад 30 нь химийн бодис илэрсний , 11 нь хүүхдийн бараа, 3 нарны тос илэрч Европын Холбоо 2025 оноос хориглож эхэлсэн.
Гэхчлэн дурдвал хямд үнэ, хурдан шуурхай хүргэлтийн ардах аюулыг судалгаа, шинжилгээгээр тогтоосон улсууд өөр өөрсдийнхөөрөө арга хэмжээг авч эхэлжээ. Ихэнх улсууд иргэддээ хандан анхааруулга хүргүүлэхийн зэрэгцээ “Temu”-д шаардлага хүргүүлж, бараа бүтээгдэхүүнийг нь улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хориглох хүртэл арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.
Хэрэглэгчдийн хувьд үнэ хямд, сонголт ихтэй, хүссэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд тохируулан захиалах боломжтой. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл болон өдөр тутамд өмсөх хувцасны үнэ өсөж эдгээр хэрэгцээт бүтээгдэхүүнийг онлайн платформоос хямд үнээр худалдан авах тохиолдол нэмэгдэж байна. Гэвч хямд үнэтэй бүтээгдэхүүний цаана хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн бодис агуулсан бүтээгдэхүүн худалдаж байх боломжтой. Та л өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч, зөв сонголт хийхгүй бол хорооноос хүн ирж захиалсан барааны тань чанар, аюулгүй байдлыг шинжилж өгөхгүй л болов уу...
Л.Маралжин
