Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.08.25 14:54
401
Б.Чулуунбат: Хоногт дунджаар 36 вагон АИ92 авто бензин орж ирж байна

АҮЭБЯ-наас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Чулуунбат "Энэ оны наймдугаар сард манай улс ОХУ-ын "Роснефть", "Газпром", "Енико" болон БНХАУ-ын "Петрочайна интернэйшнл" зэрэг компаниудаас нийтдээ 75 орчим мянган тонн АИ92 төрлийн авто бензин худалдан авахаар захиалга өгсөн. 

Энэ захиалгаас энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 51 гаруй мянган тонн АИ92 авто бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Үлдсэн 124 мянга орчим тонн шатахууны ачилт хийгдсэн. Мөн дээрх компаниудаас нийт 158 гаруй мянган тонн дизель түлшний захиалга хийж баталгаажуулснаас одоогийн байдлаар 121 гаруй мянган тонн нь Монгол Улсад орж ирээд байна.

Сүүлийн өдрүүдэд БНХАУ болон ОХУ-аас Евро-5 ангиллын АИ92 авто бензин Замын-Үүд болон бусад боомтуудаар дамжин агуулахуудад бууж, хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Мөн ОХУ-ын "Индонеко", "Газпром" зэрэг компаниудаас нийлүүлсэн Евро-5 ангиллын АИ92 авто бензинийг хэрэглэгчдэд түгээж байна.

Сүүлийн 2-3 хоногт Монгол Улсад орж ирэх вагоны тоо хэмжээ мэдэгдэхүйц өссөн бөгөөд үүнийг дагаад Улаанбаатар хот болон орон нутаг руу хийх шатахууны ачилтыг нэмэгдүүлээд байна. График мэдээллээс харахад, хоногт дунджаар 36 вагон АИ92 авто бензин орж ирж байгаа, манай улсын ердийн хэрэглээ хоногт 34 вагон байдаг байна.

Наймдугаар сарын 4-нөөс 25-ны хоорондох сүүлийн 21 хоногийн ачилтын мэдээллээр Улаанбаатар хотод нийт 20 орчим мянган тонн бүтээгдэхүүн, хөдөө орон нутаг руу 18 орчим мянган тонн бүтээгдэхүүнийг тус тус түгээсэн. Сүүлийн хоёр хоногт орон нутгийн хангамж, түгээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өдөрт бараг 1,000 орчим тоннд хүргэсэн байна.

Сүүлийн үед Евро-5 ангиллын АИ92 авто бензиний үнэ Улаанбаатар хот орчимд 2,000 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан хэрэглэгчдийн дунд "Ердийн буюу К2 ангиллын Аи-92 бензинийг Евро-5 ангиллын үнээр худалдан борлуулж байгаа юм биш биз" гэсэн хардлага, сэрдлэг үүссэн. Үүнтэй холбоотойгоор АМГТГ-аас өчигдөр "Петровис" компанийн толгойн агуулахаас Евро-2 болон Евро-5 ангиллын авто бензиний дээжийг авч, АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний төв лабораторид шинжилгээ хийлгэлээ.

Шинжилгээний дүнгээр авсан хоёр дээж нь Монгол Улсын MNS 217:2017 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тогтоогдсон" гэв.