

Ардчилсан намаас “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөнийг өчигдөр орон даяар албан ёсоор эхлүүллээ. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн намын гишүүдийн хүрээнд бус, нэг сая иргэний оролцоонд тулгуурлан, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах зорилготой.
Хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн 1–11 дүгээр хорооны иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодол, өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Уулзалтын үеэр иргэд тэтгэвэр, тэтгэмж, асаргаа, эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн бусад асуудлаар өөрт болон гэр бүлд нь тулгамдаж буй асуудлаа нээлттэй хуваалцаж, зөвхөн асуудлаа хэлээд зогсохгүй гарц, шийдлийн талаар өөрсдийн санал санаачилгыг дэвшүүлж, хамтран санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: "Өнөөдрийн уулзалт үр дүнтэй, өгөөжтэй байлаа. Гэхдээ “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” хөдөлгөөн нь зөвхөн нэг удаагийн уулзалтаар хязгаарлагдахгүй.
Цаашид Баянгол дүүргийнхээ хороо бүрийн иргэдтэй байнгын харилцаа холбоотой байж, санал хүсэлт, тулгамдсан асуудал, шийдлийн санал санаачилгыг нь тогтмол сонсож, мэдээлэл солилцдог цахим талбарыг бий болгон иргэдээ түшиглэсэн хамтын ажиллагаагаа үүгээр эхлүүллээ.
Ингэснээр иргэдийн санал зөвхөн уулзалтын үеэр сонсогдоод өнгөрөх бус, асуудлаа тодорхойлох → шийдлээ хамтдаа боловсруулах → хэрэгжүүлэх → үр дүнг нь хамтдаа хянах бодит үйл явц болно.
Бидний зорилго бол иргэдтэйгээ зөвхөн уулздаг биш, байнга сонсдог, хамтран ажилладаг, шийдэлд хамтдаа хүрдэг харилцааг бий болгох юм"
