

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 17-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ нь жирийн иргэдийн хувьд цалингийн бодит өсөлт байж чадах эсэх талаар эдийн засагч Ц.Лут-Очироос тодрууллаа.
Саяхан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Тэгвэл энэ нь жирийн иргэдийн хувьд бодит цалингийн өсөлт болж чадах уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг засгийн газраас 792 мянга байгааг нэг сая төгрөг болгож нэмэгдүүлж байна. Гэхдээ энэ нь яг үнэндээ шууд утгаараа хүмүүсийн цалин нэмэгдэнэ гэсэн үг биш.
Угаасаа 792 мянган төгрөгийн цалин авдаг хүн ч ховор болсон. Ер нь бол энэ нь тооцоонд ашиглагддаг. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр тэрнээс тооцож боддог зөндөө олон юмнууд нэмэгдэнэ гэсэн үг.
Одоо жишээлбэл янз бүрийн торгууль шимтгэлүүд байдаг. Тэгэхээр түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин үржүүлээд боддог. Ямар нэгэн байгууллагыг торголоо гэж бодоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс боддог. Тэгэхээр энэ нь цаад утгаараа яг цалин авч байгаа хүмүүсийн орлого нэмэгдэх биш тооцоон дээр нэмэгдээд компанийн зардал болон нэмэгдээд явна.
Бас нэг жишээ хэлэхэд гадаадаас ажиллах хүч авдаг аж ахуй нэгж байлаа гэж бодоход хөдөлмөрийн хөлсийг хоёр дахин үржүүлсэн хэмжээгээр улсад шимтгэл төлж байгаа. Тэгэхээр хуучин нэг сая 580 мянга төлдөг байсан бол одоо 2 сая төгрөг төлдөг болно. Компанийн зардал нэмэгдээд явна л гэсэн үг. Мөн янз бүрийн нийгмийн даатгалын шимтгэлүүдийн тооцоолол дээр энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ нь яг үнэндээ бол бодит утгаараа өөрөө хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлсэн явдал биш гадаад тооцоон дээрээ хэрэглэгдээд явах ийм л хэлбэр байгаа юм.
Тэгвэл цалин нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй байх эрсдэлтэй. Энэ нь иргэдийн бодит амьдралд яаж нөлөөлөх вэ? Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?
-Ер нь бол Засгийн газар бүтээмжээ өсгөх бодлого ерөөсөө явуулахгүй байна. Засгийн газраас төсвийн орлогоо нэмэгдүүлэх аль болохоор их татвар нэмэгдүүлэх бодлого явуулдаг. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр Засгийн газрын амлалтуудаа биелүүлж цалин нэмэгдүүлэх эсвэл гишүүдийн тойрогт зориулагдсан үр ашиггүй хөрөнгө оруулалтдаа зарцуулах зорилготой төсвийн орлогоо нэмэгдүүлэх ийм бодлого явуулаад байна.
Энэ маань өөрөө яг эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих биш аль болох их татвар шимтгэл хураамж авах ийм бодлого гэсэн үг.
Тэгсэн мөртлөө цалин нэмэгдүүлчихээр мэдээжийн хэрэг инфляц нэмэгдээд юмны үнийг өсгөөд зардал нэмэгдээд явж байна. Гэхдээ инфляц юунаас гаралтай байгааг бид нар бодох ёстой. Инфляц хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт нь эрэлтийн шинж чанартай инфляц. Нөгөөх нь нийлүүлэлтийн шинж чанартай гэж.
Тэгэхээр эрэлтийн инфляц бол одоо харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл бид нар их орлого олоод тэрнийхээ хэмжээгээр их хэрэглэдэг эрэлт харагдахгүй байна гэсэн үг.
Мөн хүмүүсийн бодит орлого нэг их сайн нэмэгдэхгүй байна. Нөгөө талдаа хүмүүсийн зардал нэмэгдсэн. Яагаад гэвэл дулаан цахилгааны үнэ нэмэгдсэн. Мөн түлшний үнэ ч нэмэгдчихлээ. Хуучин нэг газар хагалахдаа трактор яваад газраа хагалаад хүрзээрээ гишгээд эсвэл уул уурхай дээр нэг л экскаватор ажилладаг байсан бол тэр нь өөрчлөгдөөгүй гэсэн үг. Гэтэл бүтээмж өсөөгүй байхад зардал нь өсчхөж байна. Мөн хөдөлмөрийн хөлс цалингийн зардал өсчихөж байна. Тэгэхээр ийм бодлого яваад байхаар бүтээмж өсөхгүй байгаад байна. Энэ нь нэг талаараа монголчуудын маань хийж бүтээдэг нэг цагийн ажлын бүтээмж өсөөгүй мөртлөө цалин нэмэгдэхээр нөгөө талдаа инфляц болж өсөөд байна.
Мөн нөгөө талдаа тэтгэвэр тэтгэмж халамжаар амьдардаг хүмүүсийн бодит орлого инфляцаас болж буураад байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийн үр өгөөж нь ард түмний амьдралд шууд тусахгүй байна гэсэн үг. Үүнийг энгийнээр тайлбарлавал бид нар нүүрс гаргадаг байсан бол нүүрс гаргадаг хэвээрээ л байгаа.
Одоо 90 сая тонн нүүрс гаргадаг байсан бол тэрнийхээ хэмжээгээрээ орлого олж байгаа. Гэтэл үнэ уначихаар Засгийн газрын болон татварын орлого буураад бид нарын олдог экспортын орлого маань буурч байна гэсэн үг.
Томоохон компаниуд цалингийн өсөлтийг дааж чадах ч санхүүгийн нөөц багатай жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд үүдээ барихад хүрдэг. Тэгвэл жижиг, дунд бизнесүүдийг дампуурахаас сэргийлж төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?
-Ер нь бол одоо жижиг дэлгүүр худалдаанууд Монголын зах зээлээс шахагдаж байна. Мөн сүүлийн үед онлайн худалдаа хөгжөөд хүмүүс гар утас ашиглаж гэртээ бараа бүтээгдэхүүн хүргүүлж авдаг болчихлоо. Тэгэхээр жижиглэнгийн худалдаа арилжаа эрс багасч байна. Бас найман нэрийн дэлгүүрүүд хаагдаж оронд нь GS, CV гэх мэт том сүлжээ дэлгүүрүүд гарч ирж байна. Гэтэл тэдгээр дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр энэ нь өөрөө жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст дарамт болж тэднийг бизнес эрхлэхэд саад учруулж байна.
Ярилцлага үзэх:
Ж.Батдорж
