Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
109
Р.Мөнхтуяа: Багийн спортоор дамжуулан ирээдүйн аваргуудын өсөж хөгжих хөрсийг бүрдүүлнэ

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр боллоо. Аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид нээлтэд хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав нар оролцож, мөн сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бие бялдрын хөгжил болон багийн спортыг дэмжих зорилгоор 21 аймгаас гадна, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 2021 онд байгуулж өгсөн билээ. Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд банк 35 жилийнхээ ойн хүрээнд тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-ийг зохион байгуулж буй.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд аймаг аймгаас шалгарсан буюу 1, 2 дугаар байр эзэлсэн нийт 96 багийн 380 гаруй хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн ирээд буй.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамж өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжиж, түүгээр дамжуулан хүүхэд залууст хамтдаа ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэхэд анхаарч байна” гэлээ.

Энэ өдрүүдэд тэмцээний хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн спортын багш, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Монголд анх удаа зохион байгуулж, оролцогч бүрд мэргэжлийн сертификат олгох юм.

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-ий хоёр дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 26-нд тодрох бөгөөд 6 бүсээс шалгарсан шилдэг багууд болон нийслэлээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг 8-р сарын 27-ны өдөр улсын аваргын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний нийт шагналын сан 200 сая төгрөг. Финалын шатанд аваргын цомын эзэн болж хамгийн шилдгээр шалгарсан баг 10 сая, 2-р байр 8 сая, 3-р байр 6 сая төгрөгийн шагнал хүртэнэ.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг тогтвортой дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр, мөн 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажиллаж байсан бол өнгөрсөн оноос Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк