

Тэмцэгч жагсагч гэх нэг төрлийн ашигтай мэргэжил манай улсад бий болсоор удаж байна. Түүх сөхөж үзвэл хамгийн анх "Эх оронч тэмцэгчид" гэх үзэгдэл болон түүнтэй холбоотой хөдөлгөөнүүд Монголд 2000-аад оны эхэн үеэс буюу зах зээлийн шилжилтийн дараах үед гарч эхэлжээ.
Тодруулбал анхны үндсэрхэг хөдөлгөөнүүд болох "Даяар Монгол", "Хөх Монгол" зэрэг үндсэрхэг үзэлтэй, радикаль шинжтэй залуучуудын хөдөлгөөнүүд энэ үед байгуулагдаж байв.
Тэд гадаадын иргэд, хууль бус ажилчид болон байгаль орчныг хамгаалах нэрийн дор гудамжинд эсэргүүцэл үзүүлж үүнтэй зэрэгцэн уул уурхай, байгаль хамгаалах, газар шорооны асуудал хурцдахын хэрээр эх орны нэр барьсан янз бүрийн хүмүүс олширсон.
Тэгвэл тэд 2010-аад оноос хойш өнөөг хүртэл орчин цагийн шинэ технологийн ачаар сошиал медиа ашиглаж камер барин төрийн байгууллага болон компаниудад дарамт шахалт үзүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл тэмцэгч гэх Г.Солонго, Г.Адилбиш нарын хүмүүс Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, уг үйлдлээ шууд дамжуулалтаар цацсан үйл явдал болов.
Энэ явдал анхных биш бөгөөд тэмцэгч гэх Г.Солонго нь өмнө нь яг иймэрхүү үйлдлээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа “бие давхар” гэдэг шалтгаанаар суллагдаж байв. Ингээд тэрээр иймэрхүү байдлаар давтан хэрэг үйлджээ. Одоогоор тэмцэгч гэх тэдгээр эмэгтэйчүүдийг 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа бөгөөд эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг БНХАУ-ын тал анхааралтай ажиглахаа мэдэгдээд буй.
Өнөөдөр манай улс экспорт болон импортын хувьд нэг улсаас бүрэн хараат байгаа. Тэгвэл тэрхүү улс нь БНХАУ гэдгийг хүн бүхэн мэднэ. НҮБ-ын мэдээнд дурдьсанаар Монгол Улсын гадаад худалдааны дийлэнх хэсэг, ялангуяа экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас шууд хамааралтай байна.
Гэхдээ Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт буурах эсвэл хилийн боомт дээр саатал гарахад манай улсын төсвийн орлого, валютын нөөцөд шууд сөргөөр нөлөөлдөг. Харин төрийн зүгээс эдийн засгийн энэхүү нэг талыг барьсан хараат байдлыг бууруулахын тулд гуравдагч хөршүүдтэй худалдаагаа тэлэх, экспорт болон үйлдвэрлэлээ төрөлжүүлэх бодлогыг төрөөс баримталж байна.
Удахгүй манай улс өөрийн гэсэн Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор чармайж байгаа. Тодруулбал төр засгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.
Хэрвээ уг үйлдвэр ашиглалтад орвол манай улс жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэгцээнийхээ 70-75 хувийг хангаж, импортын хараат байдлаас гарах юм.
Мэдээж тэр үед бидэнд багадаа 1.5-1.8 сая тонн түүхий нефть хэрэг болно. Үүний тулд хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлэх ёстой бөгөөд ингэж байж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дотоодын хэрэгцээгээ хангана. Гэтэл үгүй ээ. Нөгөө тэмцэгч гэх иргэд газрын тосны хайгуул хийж байгаа гадаадын компанийн ажлыг гацаана, зогсооно гээд тэмцээд эхэлж.
Хэрвээ бензин шатахуун тасарвал манай улсын эдийн засаг элгээрээ хэвтдэг. Тийм учраас гаднаас бензин шатахууны хамааралтай байдлаа бууруулахын тулд ийм жагсаал, эсэргүүцэл хийж байгаа хүмүүст төр төмөр нүүрээ харуулдаг болмоор байна.
Хэрвээ тэгэхгүй бол Монгол улс үүний үр дагаварыг цаашид хангалттай олон жил амсаж улс орны хөгжил дэвшил олон жилээр саатах болно гэдгийг сануулая.
Ж.Батдорж
