

2026 оны ургац хураалтын урьдчилсан төлөв гарлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
"Улсын хэмжээнд хаврын тариалалтаар 370 га талбайд тариалалт хийсэн. Улаан буудай болон төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана. Хүнсний ногооны хэрэгцээг 70 орчим хувьд хангана.
Өмнөх онтой харьцуулахад 230 орчим мянган тонноор илүү улаан буудай, 50 хувиар их төмс хурааж авах боломж бүрдэж байна.
Засгийн газрын хуралдаанаар ургацын комисс байгуулах шийдвэр гарсан. Есдүгээр сар гармагц ургац хураалтад шаардлагатай хүний нөөц, эрчим хүч, зам тээврийн асуудлыг хамтад нь шийдэж, аравдугаар сард багтан ургацаа хурааж авна. Оюутнуудыг цалинтай ажиллуулахаар төлөвлөж байна. Цаг агаар шөнөдөө хүйтрэх эрсдэлтэй тул хүнсний ногоогоо хураахад онцгой анхаарал хандуулна.
2026 оны төсвийн тодотголд хүнс, стратегийн нөөцтэй холбоотой 150 тэрбум төгрөгийг тусгаж, саналаа хүргүүлсэн.
Дотоодын нөөцийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлтэй зээл олгох, нийслэлийн махны хангамж зэрэгт энэхүү төсвийг зарцуулах юм. Инфляцад хүнс өндөр нөлөөтэй байдаг.
Шатахууны хомсдолоос үүдэн хүргэлт, хангамжийн асуудал туйлын хүнд байдалтай байгаа. Намрын тариалалтад шаардлагатай түлшний худалдан авалтыг тавдугаар сараас эхэлсэн. Маргааш эцсийн хувилбар гарна. Нөхцөл байдал тогтворжихгүй байх магадлал өндөр учраас ирэх хаврын тариалалтад одооноос эхэлж түлш, шатахуунаа бэлдэнэ.
Газар тариалангийн бүсээр ургацыг судалж, өртөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна" гэв.
Шууд үзэх:
