Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2026.08.26 15:08
313
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байгаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гангийн үйлдвэрийн бэлтгэл ажил болон шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Экспортын чиг баримжаатай гангийн үйлдвэрийг бий болгоно гэсэн зорилт бүхий ажлын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн сонгон шалгаруулалт зарладаг мэдээллүүдээр болон Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулж гангийн үйлдвэрийн цогцолбор барих ажилд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авч ажилласан.

Үүний дараа эхний сонгон шалгаруулалтыг хийж хоёр аж ахуйн нэгж хураангуй жагсаалтанд үлдсэн байна. Хураангуй жагсаалтанд үлдсэн аж ахуйн нэгжүүдээс нэгийг нь сонгон шалгаруулах ёстой.

Энэ сонгон шалгаруулалтыг бичиг баримтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр оруулж танилцууллаа.

Үүний үр дүнд үндсэндээ 10-р сар гэхэд эцсийн байдлаар сонгон шалгаруулалт тодорхой болж, гэрээ хэлэлцээр хийх ажлын баг томилогдоно.

Тэгээд энэ ондоо багтаагаад гэрээ хэлцлээ дуусгаад  гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ийм гараан дээр бид нар ирж байна. Гангийн үйлдвэрийн хүчин чадал бол хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Өнөөдрийн манай улсын хэрэглээ бол 700 мянга тонн байдаг. Мөн бас цаашдаа хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ийм зорилго чиглэлтэй ажиллаж байгаа” гэв.  

Мөн тэрээр шатахууны нийлүүлэлтийн талаар хэлэхдээ "Шатахууныг байнга шалгадаг. Шатахуун лацтай орж ирдэг. Яг шатахуунаа зарахдаа л өөрчлөлт оруулчихдаггүй юм бол бүх шатанд нь шалгадаг. Өчигдөр манай хяналт шалгалтынхан ШТС-уудаар явж шалгалт хийсэн байна лээ. Шалгалтын явцыг зарим хэвлэлүүд шууд дамжуулсан.

Сарын эцэст гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ, зарагдсан бараа бүтээгдэхүүнтэй тулгаж шалгана. Ер нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд маань нэр хүндээ бодох, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, асуудалтай шатахуун зарахгүй гэдэгт нь итгэж байна. Өчигдрийн хийсэн шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал гараагүй.

Ер нь 14 мянган тонн АИ-92 автобензин өнгөрсөн долоо хоногоос хойш орж ирж, түгээгдэж байгаа. Ард иргэддээ мэдээлэл өгөхөд Евро-2 төрлийн буюу Ангарскын үйлдвэрт зөвхөн Монгол, Киргиз хоёрт зориулан үйлдвэрлэдэг. Энэ нь тогтвортой, хямд үнээр худалдан авдаг бензин. Үүний гэрээ зах зээл дээрх үнэ гурван сар тасралтгүй өндөр үнэ хүрвэл өөрчлөхөөр тусгагдсан.

Бид үнээ тогтвортой бариад явж байсан ч өнгөрсөн хавраас Орос, Украин, Иран, АНУ-ын хоорондын зөрчилт байдлаас шалтгаалж, шатахууны үнэ өнгөрсөн хавраас эхлэн тасралтгүй өсөж байна.

Үүнээс шалтгаалан энгийн АИ-92 шатахууны үнэ өсөх байсан. Үүнийг ОХУ дотоодын биржийн үнээр зарах зохицуулалтыг ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд хийж чадсан. Үүний үр дүнд шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Сар болгон орж ирж байгаа үнэ өөрчлөгддөг. Үнэ өсвөл дагаад өсөхөөс өөр аргагүй. Энэ хямралтай нөхцөл байдлаас шалтгаалаад, хэрэглээ гүйцэхгүй байна.

Улаанбаатарт ердийн үед 1000-1200 тонн шатахуун хэрэглэгддэг бол сүүлийн 10 хоногт 1500-1700 тонныг нийлүүлж байна. Одоо нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байгаа. Орон нутаг руу ачилтуудаа сайжруулж байгаа.

Олон хоног хомсдолтой байсан учраас очсон шатахуунууд маш хурдан хугацаанд дуусаж байна. Үргэлжлүүлээд бүх сумыг шатахуунаар хангахаар ажиллаж байна. Орон нутгийн ачилтууд ойрын 4, 5 хоногт эрс нэмэгдсэн. 

Ер нь ийм доголдол үүсэхээр бүтэн сар болж байж тогтворждог. Бид сав суулганыхаа нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна.

Манай ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байгаа. БНХАУ-аас ирэх сард авах шатахууны хэмжээ эрс нэмэгдэнэ. Хадлан, ногоо тариалангийн ажил эхэлж байгаа учраас орон нутагт саваар шатахуун олгох асуудлыг шийднэ.

Шатахуун дэлхий даяараа олдож байвал их юм болчихоод байна. Бид бүх боломжоороо хичээж байна. Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна" гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: