М.Нансалмаа
Сэтгүүлч
Ярилцлага
2026.08.26 15:33
1310
Б.Саранчимэг: Миний хань сонсголын бэрхшээлтэй учраас ажил, амьдрал маань дохионы хэлээр өрнөдөг

Мэдээ үзэхдээ ярьж байгаа хүнийг нь л анзаардаг боловч түүний хажуудах дохионы хэлмэрч сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн гүүр болдог билээ. Авиа гаргахгүй хэлээр орчуулга хийсээр хэдийнээ бидэнд танил болсон нэгэнтэй хэсэг ярилцлаа. 

-Сайн байна уу, та бидэнд өөрийгөө танилцуулаач

-Сайн байцгаана уу. Миний нэрийг Б.Саранчимэг гэдэг. Би дохионы хэлмэрч, орчуулагч багш байна. Би энэ мэргэжилдээ маш их дуртай, хайртай. Яагаад гэвэл сонсголын бэрхшээлтэй иргэдийн гүүр нь болж өгдөг сайхан мэргэжил. Мэргэжлээрээ би маш их бахархдаг. Мянга мянган сонсголын бэршээлтэй иргэдийн мэдээллийн гүүрийг дамжуулж өгөх, төрөл бүрийн олон асуудлыг нь шийдэх, зөвлөгөө өгөх, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудад дохионы хэлний сургалтыг явуулдаг. Би энэ мэргэжлээрээ 36 жил ажиллаж байна.

-Анх яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон бэ?

-Энэ мэргэжлийг эзэмших шалтгаан нь миний гэр бүлийн хүн сонсголын бэрхшээлтэй иргэн байдаг. Тийм учраас би амьдралынхаа туршид дохионы хэлийг хэрэглэдэг. Амьдралын, хувийн, улсын гээд хэрэглээ байгаа учраас дохионы хэлийг сурсан. Би өөрөө дөрвөн жил гаруй бие дааж дохионы хэлийг сурснаар энэ хүмүүстэй харилцаанд орж, маш олон нөлөөллийн ажлыг хийсээр байгаа болно. Би маш олон байгууллагуудын захиалгаар тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын хамт олонтой тулж ажилладаг. Би хөгжлийн бэрхшээлтэй залуучууд тэр дундаа 16-45 насныханд мэргэжил олгодог сургалтын байгууллагад 20 жил багшилсан. Мянга мянган шавь нараараа маш их бахархдаг. Манай шавь нар сургуулиа төгсөөд улс орондоо хэрэгтэй хөдөлмөр эрхэлж байгаа нь маш их бахархууштай байгаа.

-Сайн дураараа ажиллах тохиолдол олон байдаг уу?

Сайн дураараа ч, төрийн байгууллагын захиалгаар ч ажилладаг. Мэдээж бид төрийн үйлчилгээг иргэдэд тууштай хүргэх үүднээс ажилладаг чухал салбар юм.  Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд ч мөн харьяалагддаг. Миний ажлын ихэнх хувь нь сайн дураар гэж ойлгож болно.

-Ер нь манай улсад сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүртээмж хэр байдаг юм бэ?

-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар бид юм хийгээгүй биш хийсэн. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллыг яамны харьяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар”-аас 24 цагаар дуудлага хүлээн авдаг Дуудлага.мн гэдэг үйлчилгээг гаргасан. Саяхан та хоёр бас харсан байх. Би дөнгөж сая дүрст дуудлага аваад ажлаа хийлээ. Энэ чинь бас л иргэдэд мэдээлэл хүргэх төрийн үйлчилгээ. Өглөө бас KFC-д ажилладаг сонсголын бэрхшээлтэй эмэгтэй “Гэрийн хаяг нь солигдсон гэртэйгээ ойрхон салбарт ажиллаж болох уу?” гэж ярилаа. Энэ мэтчилэн үйлчилгээний байгууллагуудыг холбож, орчуулга хийж өгдөг. Миний ажил ер нь мундахгүй маш их ажил.

-Хүн бүр тодорхой хэмжээнд дохионы хэлийг сурчихвал зүгээр санагддаг

-Тэгэлгүй яахав. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл. Дохионы хэлийг анхан шатны сургалтаар сурч байж хүмүүстэй харилцаанд орно. Энийг сурахын тулд дохионы хэлний анхан шатыг суралцах нь нэр төрийн хэрэг. Төрийн байгууллагын ялангуяа цагдаа, шүүх, прокурор, сургууль гээд. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг хэн бүхэн дохионы хэлийг сурах зайлшгүй хэрэгтэй. Энэ маань өөрөө нийгэмд харилцаа үүсгэдэг учраас сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцахын тулд сурах ёстой. Энэ хэл маань тийм хэцүү биш, амархан хэл. Хамгийн наад зах нь сайн байна уу,  баярлалаа, уучлаарай, танд юугаар туслах уу гээд ойр зуурын энгийн харилцааны хэлийг сураад авчихвал хүртээмжтэй нийгмийг бүтээхэд ойрхон байна.

-Анх нөхөртэйгөө танилцах үед та дохионы хэл мэддэг байсан уу, эсвэл дараа нь сурсан уу?

-Би 1986 оноос эхлээд сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг холбоо гэж байхад хэлмэрчээр ажиллаж байсан. Тэр хугацаандаа гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, дохионы хэлийг эзэмших маш чухал хэрэгтэй юм байна гэдэг байр сууриа олж авсан. Түүнээс хойш, төрийн болон төрийн бус байгууллагад 36 жил болчихлоо. Миний хань сонсголын бэрхшээлтэй ч гэсэн нэг талаараа би энэ хүмүүсийн гүүр нь болж, иргэдэд дохионы хэлийг түгээмээр байгаа. Нэг сайн дурын ажил маань энэ. Монголын бүх хүмүүст болдог сон бол дохионы хэлийг үнэ төлбөргүй заагаад өгчихмөөр л байна.

-Ярилцсанд их баярлалаа.

Ярилцлагыг үзэх: