HUMANSTORY
2026.08.26 17:13
539
Н.Шинэцэцэг: Хохирогч өөрийгөө буруутгах бус, харин гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцлагаа үүрэх ёстой

СУИС-д суралцаж байхдаа ангийнхаа хөвгүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Н.Шинэцэцэг 15 жилийн турш туулсан амьдрал, тэмцэл, сэтгэл зүйн шарх, эдгэрлийн түүхээ “Чамайг тэвэрье” нэртэй ном болгон гаргажээ.

Тэрбээр хүчирхийлэлд өртсөн ч сургуулиа орхилгүй төгссөн байна. “Хүчирхийлэлд өртчихөөд сургуулиа хаяхгүй яасан юм бэ гэж хүмүүс хэлдэг. Би багаасаа онц сурдаг, эрдэм номын мөр хөөсөн хүүхэд байсан. Өөрийгөө хохироохгүйн тулд сургуулиа төгссөн” хэмээн ярьлаа.

Н.Шинэцэцэгийн хэлснээр, тухайн үед болсон явдлын талаар ярих, өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн боломж түүнд байгаагүй аж. Харин олон жилийн дараа эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэгт хамрагдсанаар болсон явдлын талаар ярьж, цагдаагийн байгууллагад хандах боломжтой болсон байна. Тэрбээр цагдаад хандсанаас хойш зургаа дахь жилдээ орж байгаа бөгөөд энэ хугацаанд хэрэг бүртгэл хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болж, хаагджээ.

Иймээс өөрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх шаардлагатай болж 2026 оны эхээр Threads платформд гурван дагагчтай хаягаасаа 19 настай үеийн өөрийнхөө тухай бичиж эхэлжээ. Түүний хэлснээр, энэ нь олон жил дотроо тээж ирсэн гомдлоо илэрхийлэх, өөрийгөө хамгаалах сүүлчийн оролдлого байсан байна.

Тэрээр “19 настай Шинээ юу хүсэж, юу мөрөөдөж байсан тухайгаа бичсэн. Тэр үед миний хувьд эцсийн цэгтээ тулсан байж. 19 насандаа юу гэж боддог байсан бэ гэвэл, намайг хүчирхийлсэн хүмүүсээс бусад ангийнхандаа ‘Би янхан биш’ гэдгээ л хэлэхийг хүссэн юм.”

Түүний нийтлэл олон нийтэд хүрч, олон хүн дэмжлэг үзүүлсэн нь дахин тэмцэх хүчийг өгчээ. Улмаар хуулийн дагуу тэмцлээ үргэлжлүүлж, одоо хэрэг шүүхийн шатанд хүрээд байна.

Маргааш буюу наймдугаар сарын 26-нд шүүх хурал болохоор товлогдсон байсан ч эсрэг талын зүгээс цаг хожих зорилготой үйлдэл гаргаж байгаа гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд улмаар урьдчилсан хэлэлцүүлэг болохоор болжээ.

Н.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо гаргах болсон нэг шалтгаанаа хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогчид болсон явдлаа насан туршдаа нууц болгон үүрэх ёсгүй гэсэн санааг нийгэмд хүргэх хүсэлтэй холбон тайлбарлав. “Гэмт хэрэгт өртсөн хохирогч энэ нууцаа булшруугаа аваад орох биш. Хэчнээн жил өнгөрсөн байсан, хэдэн ч жил ярьж чадахгүй явсан байсан, хэдийд ч хамаагүй өөрт тохиолдсон гэмт хэргээ ярих ёстой гэж боддог. Энэ нь хохирогчийн үүрч дуусах ёстой ачаа биш. Харин гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өөрсдөө энэ ачаагаа үүрч, ялаа эдлэх ёстой.”

Тэрбээр номоороо дамжуулан гэмт хэргийн хохирогч өөрийгөө буруутгах бус, харин гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцлагаа үүрэх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд хүргэхийг хүсэж буйгаа онцоллоо. Н.Шинэцэцэг “Энэ бол бодит түүх, миний бодит амьдрал. Номонд дурдагдсан бүх зүйлийн үнэн бодит байдлыг би үүрэх болно” гэлээ.