М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.08.26 17:31
347
Украины дайралтын улмаас ОХУ-д шатахууны хомсдол үүсээд байна

Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч байхад, Орос улс Украины шатахуун түгээх станцуудыг онилж байна.

Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгсний улмаас Орос улс даяар шатахууны хомсдол ноцтой хэмжээнд нүүрлээд байна.

Үүний зэрэгцээ Орос улс Украины шатахуун түгээх станцуудыг дрон болон пуужингаар онилох ажлаа дөрөвдүгээр сард эрчимтэй эхлүүлсэн бөгөөд гол төлөв фронтын шугамын дагуух бүс нутгуудыг онилж байна. Аюул заналхийллийн улмаас цагдаа нар жолооч нарт тусгай заавар өгч, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарсан тохиолдолд шатахуун түгээх станцыг нэн даруй орхих, шаардлагатай бол автомашинаа хүртэл орхин явахыг уриалжээ.

Украины шинжээч Олександр Сиренкогийн мэдээлснээр, эхэндээ халдлагуудыг алсын зайнаас удирддаг жижиг дронуудаар үйлддэг байсан бол дараа нь Орос улс илүү том, өртөг өндөртэй, илүү их сүйтгэх чадвартай, Иранд үйлдвэрлэсэн “Шахед” дронуудыг ашиглах болжээ. Нэг “Шахед” дрон ойролцоогоор 20,000–50,000 ам.долларын үнэтэй гэж тооцоолдог. Эдгээр ‘Шахед’ дронуудын нийт үнэ шатахуун түгээх станцын үнээс ч өндөр.

Украйны том хотуудыг холбосон зам дагуу нэг ч шатахуун түгээх станц үлдээгүй байна. Зарим тосгонуудын бүх шатахуун түгээх станц устжээ.

Эх сурвалж: BBC