М.Нансалмаа
Сэтгүүлч
Спорт
2026.08.27 16:12
574
Э.Азжаргал: Миний хувьд шатар бол амьдралын бичил загвар

Шатрын спортын Өсвөрийн алт, мөнгө, хүрэл медальт

-Түргэн тоглолтын (Blitz) улсын 5 удаагийн аварга

-Сурагчдын дэлхийн аваргын алт, мөнгө хүрэл медальт

-Өсвөрийн Азийн аваргын хошой мөнгөн медаль

-Дэлхийн шатрын холбооны дэд мастер Эрдэнэбатын Азжаргалтай ярилцлаа.

Шатар таны амьдралд анх хэрхэн орж ирсэн бэ? Таныг энэ спорт руу хөтөлсөн хүн хэн бэ?

 -Аав маань намайг таван настай байхад хоёр найзтайгаа нөхөрсгөөр шатар тоглодог байсан юм. Би тэр үед тэдний тоглож байгааг харж суусаар байгаад өөрөө сурчихсан. Аавыг найзуудтайгаа шатар тоглож байхыг сонирхож хараад байхаар аав надад анх нүүдлүүдийг зааж өгч байлаа.

  Таныг шатрын замналаа үргэлжлүүлэхэд хамгийн их дэмждэг хүн хэн бэ?

 -Гэрийнхэн маань бүгд намайг дэмждэг. Тэр дундаа аав багаас маань саяхныг хүртэл бүх тэмцээн дээр намайг дагаж явж, хоёр дахь багшийн үүргийг гүйцэтгэдэг байсан.

  Шатрын төлөө гаргасан хамгийн том золиос юу вэ?

  -Бэлтгэл хийхийн тулд хичээлээсээ чөлөө авч, бэлтгэлээ хийдэг байсан. Тиймээс 6–8 дугаар ангийнхаа хичээлүүдэд тогтмол сууж чадаагүй

  Та өдөрт дунджаар хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ. Энгийн нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?

-Чухал тэмцээнүүдийн өмнө бэлтгэлээ эрчимжүүлдэг. Бэлтгэлийн цагийн хуваарийн хувьд өглөө 09:00–12:00 цаг хүртэл бэлтгэл хийж, өдрийн цайгаа уусны дараа буцаад 14:00–20:00 цаг хүртэл бэлтгэл хийдэг.

   Шатрын мастерууд хэдэн нүүдлийн цаадахыг харж чаддаг гэж ярьдаг. Таны хувьд хамгийн холдоо хэдэн нүүдэл бодож, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг вэ?

  -Бэлтгэл сайн байвал 10 орчим нүүдлийг тооцдог. Харин бэлтгэл бага зэрэг тааруу байвал 4–5 нүүдэл л тооцдог.

  Орчин үед хиймэл оюун ухаан, компьютерийн программ шатарчны бэлтгэлд хэр их нөлөөлж байна вэ?

 -Хиймэл оюун ухааны хувьд шатрын программууд гарч ирснээр их өөрчлөлт гарч байна. Жишээлбэл, Stockfish, Analyze зэрэг программууд тоглолтын алдааг шууд хэлж, тухайн тоглогчийн сул талыг ажиглан тохирсон бодлого, байрлал бэлдэж өгдөг. Тиймээс бэлтгэл хийхдээ эдгээрийг ашиглавал илүү амар болсон.

   Өөрөөсөө хавьгүй өндөр чансаатай мастертай тоглохдоо айдсаа дарахын тулд сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

  -Эхлээд багштайгаа уулзаж, тухайн хүний эсрэг ямар гараа, ямар байрлал тоглох вэ гэдгээ ярилцдаг.

Багшийн маань байнга хэлдэг үг нь: “Тайван бай, айх юмгүй. Яг чамтай адилхан хүн” гэдэг.

      Таны амьдралын хамгийн харамсалтай хожигдол хэзээ байсан бэ. Тэр хожигдол танд юуг сургасан бэ?

   -Найман настай байхдаа Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээний 10 дахь өрөгт тоглож байсан юм. Тэр өргийг хожвол медаль авах нь тодорхой болох байлаа. Тоглолт дуусахаас өмнө өрсөлдөгчөөсөө маш илүү байрлалтай байсан ч жаахан хүүхдийн алдаа гаргаж, тоглолт дуусаагүй байхад хожчихлоо гэж бодоод хөөрч баярласнаас болж нэг нүүдлийн маданд орж хожигдсон. Тэр өргийн дараа хэдэн өдөр уйлсан даа.

   Хожигдлын дараа өөрийгөө хэрхэн хурдан сэргээдэг вэ?

  -Гэрийнхэн болон ойр дотнын хүмүүстэйгээ утсаар ярьж, дараагийн өрөг эхэлтэл аль болох хожигдсон тоглолтоо дурсахгүй байхыг хичээдэг. Хоолоо сайн идэж, аль болох хурдан сэргэхийг зорьдог.

   ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт шатрын спортыг оруулах талаар ямар бодолтой байдаг вэ?

  - Мэдээж дэмжинэ. Шатар тэсвэр тэвчээр, хатуужил сургадаг болохоор бүх хүүхийг сургавал хэрэгтэй гэж боддог. Долоо хоногт хоёр цаг ч юм уу, харин хэт олон цагаар хичээллэвэл хүүхдүүд залхаад, уйдаад эхэлдэг. Тиймээс тохирсон хэмжээнд байвал илүү үр дүнтэй гэж бодож байна.

   Шатрыг ойлгодоггүй хүнд энэ спортын сайхныг ганцхан өгүүлбэрээр тайлбарлаач?

   Шатар бол 64 нүдэн дээр хоёр оюун ухаан үг дуугүйгээр ярилцаж, ганцхан нүүдлээр бүх түүхийг өөрчилдгөөрөө гайхамшигтай.

   Хэрэв та түүхэн дэх аль нэг аугаа шатарчинтай ганц өрөг тоглох боломж олдвол хэнтэй тоглох вэ. Яагаад?

   -Би Бобби Фишертэй тоглох байсан. Тэр хүн шатрын түүхэн дэх хамгийн онцгой, дахин давтагдашгүй нэгэн. Түүний шатар тоглодог байсан арга барилаас илүүтэйгээр ааш зан, амьдралыг харах өнцөг нь надад илүү таалагддаг.

   Эцэст нь, таны хувьд шатар гэж яг юу вэ?

   Миний хувьд шатар бол амьдралын бичил загвар. Нүүдэл бүр хариуцлага дагуулдаг шиг, гаргасан шийдвэр бүр маань ирээдүйг тодорхойлдог гэдгийг надад сануулдаг зүйл.

 

Д.Тэнгис