

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод шавж, амьдралынхаа алтан цагийг авто замын түгжрэлд үрж байна.
Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар 717 цагийг замын түгжрэлд алддаг гэсэн харамсалтай тоо бий.
Түгжрэлийг бууруулахын тулд автомашины дугаарын хязгаарлалт хийх, төлбөртэй бүс тогтоох, шинэ тойрог зам барих зэрэг олон арга хэмжээ авч байгаа ч энэ нь урсгал усны урд далан тавихтай адил түр зуурын гал унтраах шийдэл болоод байна.
Тэгвэл энэхүү асуудлын гол үндэс нь хотын дэд бүтцийг хөгжүүлэх биш, харин хэт төвлөрөлд оршиж байна.
Мэдээж нийслэлийн түгжрэлийг авто замын уулзвар өргөтгөж, торгууль нэмэх зэрэг механик аргаар бүрэн шийдэж чадахгүй. Учир нь жил бүр орон нутгаас мянга мянган залуус ажил, боловсрол хайн хотыг зорьсоор байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар Улаанбаатар хотыг түгжрэлээс салгах хамгийн алсын хараатай, тууштай шийдэл бол хөдөө орон нутгийг яаралтай хөгжүүлж, тэнд эдийн засгийн том том төвүүдийг бий болгох явдал гэж үзэж байна.
Мөн хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зөвхөн уриалгаар биш, бодит эдийн засгийн хөшүүргээр дэмжих шаардлагатай байна.
Жишээлбэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх, тэнд ажиллаж буй залууст хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох, цалинг нь хотынхоос өндөр тогтоох зэрэг цогц бодлого үгүйлэгдэж байна.
Хэдийгээр Засгийн газраас "Хөдөөгийн сэргэлт" бодлогын хүрээнд яг эдгээр чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байна.
Нэлээд хэдэн жилийн өмнө манай нэртэй улс төрчдийн нэг Б.Жаргалсайхан “хаашаа л харна хөдөөнийхөн, бид хаашаа явах вэ саран дээр очих уу” хэмээн бухимдангуй хэлсэн.
Мэдээж хүн ажиллаж, амьдрах таатай орчин, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хөдөөд яг бодит утгаар нь бий болговол хотын ачаалал аяндаа саарна.
Мөн хөдөөгөө хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн мал аж ахуйн асуудлыг ярих биш, харин аймгуудыг бие даасан үйлдвэрлэл, технологи, аялал жуулчлалын төвүүд болгон бүсчлэн хөгжүүлэхийг хэлнэ.
Хэрвээ ингэж чадвал хөдөө орон нутгийн төвүүд хүчирхэгжиж нийслэл хот руу чиглэсэн оюутан залуус, ажил хайгчдын механик урсгал саарна.
Тогтвортой хөгжлийн гол түлхүүр нь тэнцвэртэй байдал байдаг. Хэдийгээр бид Улаанбаатар хотод метро, трамвай, хурдны зам тавихаар болж, нийтийн тээврийг шинэчилж байгаа ч хөдөө орон нутгаа орхигдуулбал төвлөрөл нэмэгдсээр л байх болно.
Тиймээс "Хөдөөгийн сэргэлт" бодлогыг дахин бодитойгоор шинэчлэн хэрэгжүүлж, хөдөөгөө хөгжүүлэх нь Улаанбаатар хотоо түгжрэл, утаа, авто замын хэт ачааллаас аврах хамгийн цорын ганц гарц болоод байна.
Ж.Батдорж
