

Сүүлийн жилүүдэд өсвөр насны залуус элдэв төрлийн эм тариаг, судсаар шахаж мансуурах тохиолдол ихээр гарах болжээ. Үүний улмаас судас бөглөрч гар хуруу нь мэдээгүй болж, тайруулсан тохиолдлууд ч ихээр гарах болсон аж. Тиймээс тус асуудлын талаар Доктор үүр эмнэлгийн гар сарвууны эмч О.Очирпүрэвээс тодрууллаа.
- Аав, ээж нь хүүхдээ хар тамхинаас гаргахын тулд байр, машинаа зараад түрээсийн байранд амьдарч байгаа. Гэвч хүүхэд нь хар тамхинаас гараагүй гэж бичсэн кэйсийг уншиж байсан. Ийм тохиолдол хэр их ирдэг вэ?
- Яг ийм кэйстэй 5-6 аав ээж ирж байсан. Хүүхдээ царайчилсан, эмч аварчих байх гэсэн горьдлоготой ирдэг. Хар тамхинд орсон хүн хэзээ ч гарахгүй. Сэтгэл зүйч, хар тамхины эмчилгээ хийдэг эмч нар ч гарах гэж 10 хувь л зүтгэдэг, гэхдээ гардаггүй гэдгийг хэлдэг.
Хүүхдээ дагуулж ирсэн ээж нар уйлаад л ороод ирдэг. Байр, машинаа зараад түрээсийн байранд амьдарч байгаа тухайгаа ярьдаг. Тэгэхэд хүүхэд нь гавьяа байгуулсан юм шиг уурлаж, хэдэрлээд л. Аав ээжийгээ орох оронгүй болгочхоод ийм авир гаргаж байгааг нь хараад аав ээжийг нь өрөвддөг.
Тийм учраас нэгэнт хар тамхинд орсон хүүхдийг эмчлүүлнэ гэж мөнгө үрэх шаардлага байхгүй гэдгийг сайн ойлгуулмаар байна. Хэчнээн мөнгө үрсэн ч дэлхий нийтээрээ эмчилж чадахгүй байгаа. Аав, ээж нь хар тамхинд орсон хүүхдэдээ битгий мөнгө өгөөч ээ гэж ахин хэлмээр байна. Мөн эмчид мөнгө өгөөд хүүхэд нь зүгээр болчихно гэж бодож болохгүй. Судсаар хар тамхи хэрэглэсэн тохиолдолд би гарыг нь аварч чадахаас хар тамхинаас гаргаж чадахгүй. Тийм учраас өөрөө ч гэсэн их эмзэглэдэг. Над руу горьдлогын харцаар харж байгаа аав, ээжийг харахаар өр өмөрдөг. Хар тамхинаас гаргаж чаддаг бол хүүхдийг нь гаргаад аав ээжийг нь баярлуулмаар л байна.
Тиймээс хар тамхинд орсон хүүхдээ эмчлэгдэнэ гэж найдаж битгий мөнгө үрээч гэж хэлмээр байна.

-Мансуурах зорилгоор элдэв төрлийн эм тариаг судсаараа шахаад хуруугаа, мөчөө тайруулсан залуус хашрахгүй ахиж хэрэглээд, дахин мөч тайруулах хагалгаанд орох тохиолдол гарч байна. Дуудлагын сувилагч дуудаад хөлдөө уян зүү тавиулж ахин хэрэглээд амиа хорлосон харамсалтай тохиолдол ч гарсан байсан. Таны үйлчлүүлэгч дунд ийм тохиолдол гарч байсан уу?
-Одоо хүүхдүүд эрт дээр нь ирдэг болсон. Өмнө гар нь харлаад, мэдээгүй болоод, үхжээд оройтож ирдэг байсан. Ийм тохиолдлоор хүүхдүүд ирсээр л байгаа.
Хамгийн аймар нь нэг мөчөө тайруулаад хар тамхинаасаа гарахгүй. Ахиж хэрэглээд дахиж мөчөө тайруулаад, хөлдөө дуудлагын сувилагчаар уян зүү тавиулж хэрэглээд байна. Тэгээд бүх мөчөө тайруулж, ахиж хар тамхиа хэрэглэж чадахгүй болох үедээ амиа хорлож байна.
Мөрийтэй тоглоом сэтгэл зүйтэй холбоотой учир тэр донтолтоос гарч болдог. Харин хар тамхи сэтгэл зүйгээс гадна бие организмыг өвчлүүлж байгаа учир ер нь гарна гэсэн ойлголт байхгүй. Хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь гарна гэдэг ч гарч чаддаггүй.

-Таны өвчтөнүүд дунд мөчөө тайруулсан ч ахиж хэрэглээд ирэх тохиолдол хэр их гардаг вэ?
-Маш их гардаг. Хэрэглэж л байгаа бол хүрээд л ирнэ. Өө чи яагаад ахиад хүрээд ирэв ээ гэхээр үнэхээр гарч чадахгүй байна гээд сууж байдаг. Тэгээд судаснаас гадна уушгиар хэрэглэж байна. Саяхан уушгины эмч найзтайгаа таарахад, чам дээр очиж байгаа хүмүүс судсаар хэрэглэдэг.
Харин уушгины эмч найз дээр маань электрон тамхи дотор хар тамхи хийж хэрэглээд, уушги нь устсан залуус их ирэх болсон байна. Ингээд л 18-19 насны залуус 1-2 жилийн дотор хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байгаа талаар ярьж байсан.
Хамгийн аюултай нь уушгийг шилжүүлэн суулгадаггүй. Уушги гэмтсэн тохиолдолд зүрх, элэг, бөөр шилжүүлэн суулгадаг шиг суулгадаггүй гэсэн үг. Судсаар элдэв төрлийн эм, тариа шахсан тохиолдолд гаргүй, болно. Харин амьсгалын замаар мансуурах гэж элдэв зүйл хэрэглээд уушгигүй болбол ямар ч аврал байхгүй.
Тиймээс хар тамхи гэх зүйлийг ганц удаа үзеь гэсэн бодлоор бүү хэрэглэ. Хар тамхинд орсон л бол аав, ээж, ах дүүс, өөрийнхөө амь насаа ч хайрлахгүй хэмжээнд хүрнэ. Тийм болохоор анхнаасаа битгий хэрэглээрэй.

Хар тамхи борлуулагч нар ихэвчлэн боломжтой, мөнгөтэй айлын хүүхдийг онилдог. Албаар найзалж, дотно болдог. Тэгээд хар тамхиа хэрэглүүлж, зардаг. Хар тамхины худалдааг дэлхий нийтээрээ зогсоож чадахгүй болчихсон. Тийм учраас бид үр хүүхдээ хар тамхи хэрэглүүлэхгүй байх талаас нь сайн ярьж, нийлж байгаа хүүхдүүд дунд нь хэргэлдэг хүүхэд байвал хол байлгах л хэрэгтэй.
Миний үед ч намайг хэрэглэж үзэх үү гэж асууж байсан тохиолдол гарч байсан. Тухайн үед уурлахад ахиж тийм зүйл асуухаа больж байсан. Хүүхдүүд ийм хүсэлт тавьсан хүнийг цагдаад хэлж баймаар байна. Гэхдээ хамгийн гол нь цагдаагийн байгууллага нь тухайн этгээдэд хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хар тамхины хатуу хуультай болох шаардлагатай байна. Ингэж чадвал багасна. Ирээдүй маань ер нь хар тамхинд живж байна.
-Өөрийн буруугаасаа болоод эд эрхтнээсээ салсан тохиолдолд тухайн хүний сэтгэл зүй мэдээж хүнд байдаг байх.
-Хуруу, мөчнөөсөө салахаараа хар тамхи хэрэглэх бүр шалтаг нь тэр болдог. Би тахир дутуу болчихлоо, намайг тайвшруулах юм энэ л байна. Миний аав, ээж намайг хардаггүй. Намайг харж үзэхгүй байна. Энэ мэтээр аль болох л өөрийгөө зөвтгөх талаас нь яриад байдаг.
Хэрэглээд байгаа бол өөрөө мөнгөө олж хэрэглэ. Аав, ээж л битгий мөнгө өг. Хүүхдээ хар тамхи хэрэглэхээс нь сэргийлье. Нэгэнт хэрэглэдэг болсон бол битгий мөнгө өг л гэж хэлмээр байна.
Видео үзэх:
