Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.08.27 17:18
416
Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс 6.75 дахин их байна

Саяхан олны танил дуучин залуу хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим орчинд тарсан. Тэрээр олон жилийн турш энэхүү хүчирхийллийг тэвчиж, чухам юу болсныг нууж ирсэн талаараа бичсэн байсан. Энэ бол эрэгтэй хүмүүс ч хүчирхийлэлд өртөж буйн ердөө ганц жишээ. Гэвч энэ талаар хэн ч дурддаггүй. Учир нь эрэгтэй хүүхдийг багаас нь уйлж болохгүй, эмэгтэй хүүхдийг цохиж болохгүй гэх мэтээр сургадагтай нь холбоотой биз ээ. Сүүлийн жилүүдэд жендерийн эрх тэгж байдал гэж хүчтэй яригдах болсон. Гэвч бид үүнийг нь шууд л эмэгтэйчүүдийн эрх гэж автоматаар ойлгох хэмжээнд хүрчээ. Хаана ч, хэзээ ч эрэгтэйчүүдийн эрхийн талаар дурссангүй.

Судалгаанаас иш татвал,  2025 оны эрүүл мэндийн статистикаар Монгол улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100 000 хүнд 16.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 1.3-аар, өмнөх оноос 1.0-ээр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Амиа хорлолтын түвшин 2025 оны байдлаар эрэгтэйчүүдийн дунд 100 000 хүн амд 28.2,  эмэгтэйчүүдийн дунд 100 000 хүн амд 4.8 байгаа бөгөөд эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 6.75 дахин их байна. 

Амиа хорлолтын түвшин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.9 дахин их байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын хувь бага хэдий ч насны бүлэгт эзлэх хувь харьцангуй ялгаатай байна.

Тухайлбал, 2025 онд нас барсан 20-24 насны залуучуудын 29.0 хувь, 25-29 насны залуучуудын 31.7 хувь, 15-19 насныхны 21.9 хувь буюу тухайн насны залуучуудын 4 хүн тутмын 1 нь амиа хорлож нас барсан байна гэх судалгаа гарчээ.

Тиймээс дээрх асуудалд бид нухацтай хандах шаардлага зайлшгүй үүсжээ. Охидууд хүчирхийлэлд өртөх ёсгүй гэдэг шиг хөвгүүд ч хэн нэгний хүчирхийлэлд өртөх ёсгүй. Тэднийг уйлж болохгүй гэж сургахын оронд сэтгэлээ онгойтол ярилцаж байхыг, эмэгтэй хүүхэд цохиж болохгүй гэж сургахын оронд өөрийн биеэ хамгаалж байх хэрэгтэй гэдгийг сургах хэрэгтэй мэт.

Учир нь сургуулийн орчинд охид хөвгүүдийг дураараа цохиж, зодож буй дүр зураг их ажиглагддаг. Тиймээс тэдэнд ч гэсэн бусдыг зодож, цохиж, гэмтээж болохгүй гэдгийг багаас нь хэлж ойлгуулж, сургах шаардлагатай байна.