

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн дундуур дуут дохиогүй, улсын дугааргүй, хурдны хайрцаг шиг ухасхийн давхих цахилгаан хэрэгслүүдийг бид өдөр бүр харж байна. Энэ бол суррон гэх цахилгаан мопед юм. Эхэндээ эл унаа байгаль орчинд ээлтэй, авто замын түгжрэлд нэмэртэй, их хотын залуусын соёл мэт харагдаж байсан ч өнөөдөр нийслэлийн гудамжийг "үхлийн бүс" болгон хувиргаж, явган зорчигч болон жолооч нарын айдсыг төрүүлдэг гол хүчин зүйл боллоо.
Тэгвэл цаашид бид энэ цахилгаан мопедоос болж хэдэн хүүхэд замын осолд орж, хэдэн хүн насан туршдаа тахир дутуу болохыг харах ёстой вэ? Энэ замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд суррон мопедын хэрэглээг хотын хэмжээнд бүр мөсөн хориглох цаг болсон гэж бодож байна.
Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол сурроныг цахилгаан дугуй эсвэл скүүтертэй адилтгадаг явдал юм. Хүчин чадлын хувьд суррон нь цагт 50-аас 80 км хүртэл хурдлах чадвартай, маш өндөр хурд авдаг техникийн ангилалд багтдаг. Тэгвэл ийм хурдтай техникийг замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй, ямар ч жолооны үнэмлэхгүй өсвөр насны хүүхдүүд унаж байна.
Хэдийгээр саяхан батлагдсан хуулиар 18 нас хүрсэн, жолооны А үнэмлэхтэй хүн энэ унааг унах ёстой болсон ч тэд явган хүний замаар хурдлан давхиж, урсгал сөрж, автомашины дундуур гэнэт гарч ирдэг.
Мөн суррон буюу энэ цахилгаан мотог насанд хүрээгүй хүн унахыг хориглосон ч энэ унааг хууль бусаар унаж буй хүүхдүүдтэй цагдаа нар хөөцөлдөөд жил гаран болж байна. Гэтэл ухамсар дорой эцэг эхчүүд энэ унааг хүүхэддээ авч өгсөөр байна.
Тэр утгаараа суррон бол хүүхдийн тоглоом биш, харин зохих хяналтгүйгээр хэрэглэвэл ямар ч хүнд хохирол учруулж болох маш аюултай техник юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын явган хүний зам дээр тайван алхах боломжгүй болсон. Хүүхдээ хөтлөөд явж байгаа эцэг эхчүүд, настан буурлууд ардаас нь чимээгүй гүйцэж ирээд шүргэх шахан өнгөрөх сурронтой залуусаас айж цочин алхаж байна.
Энэ унаа нь цахилгаан хөдөлгүүртэй тул ямар ч дуу чимээ гаргадаггүй нь осол гарах аюулыг улам нэмэгдүүлдэг. Явган зорчигч ирж байгааг нь мэдэхгүйгээр нэг алхам хажуу тийш болоход л хүнд гэмтэл авах, амь насаа алдах эрсдэлтэй орчин бүрдсэн.
Хэрэв автомашин осол гаргавал улсын дугаараар нь хөөж, жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Харин суррон унасан хүүхдүүд хүн мөргөчихөөд зугтахад тэднийг олж тогтоох, хариуцлага тооцох механизм өнөөдөр манайд алга.
Тэдэнд улсын дугаар байхгүй, даатгал байхгүй, замын хөдөлгөөний дүрэм үйлчилдэггүй мэт авирлаж байна. Албаныхан дүрэм журам боловсруулж байна гэсээр хугацаа алдах зуур зам дээрх осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдсээр байна.
Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Байгаль орчны сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Зам, тээврийн яамнаас мэдээлснээр зөвхөн сүүлийн хоёр жилд скүүтер, сурронтой холбоотой осол 4-5 дахин өссөн бөгөөд 2024 онд улсын хэмжээнд нийт 532 осол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Ослын 95 хувь нь хамгаалалтын малгайгүй үед гарсан байна.
Мөн энэ оны эхний таван сарын байдлаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон мопед, скүүтер, цахилгаан бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 754 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдөр дэлхийн олон улс орнууд, тэр дундаа өндөр хөгжилтэй хотууд явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайд өндөр хүчин чадалтай цахилгаан тээврийн хэрэгслийг аль хэдийн хязгаарлан, хориглох бодлого явуулж эхэлсэн.
Харин манай улсын хувьд замын дэд бүтэц муу, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд сурроныг хэсэгчлэн зохицуулах гэж оролдох нь үр дүнгүй.
Тэр утгаараа энэ унааг унаж дахин олон хүн гэмтээж бэртэхээс нь өмнө төр засаг, холбогдох хууль хяналтын байгууллагууд яаралтай шийдвэр гаргаж, суррон мопедыг замын хөдөлгөөнд оролцохыг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд ч ялгаагүй хүүхдийнхээ гуйлтаар "үхлийн тэрэг" авч өгдөг энэ хариуцлагагүй үйлдлээ яаралтай зогсоох хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол энэ унааг байгаль орчинд ээлтэй, бензин шатахууны хомсдолтой үед хэрэгтэй эд гэж үзэн байлгасаар байвал дахин олон зуун хүн гэмтэл осолд өртөж амь насаа алдах эрсдэл бодит аюул нүүрлэсээр байна.
Ж.Батдорж
