

Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийн дунд хүлээлт үүсгэдэг “HR Event & Networking” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хүний нөөцийн мэргэжилтэн, менежер, удирдах түвшний 300 гаруй төлөөлөл оролцож, салбарын сүүлийн үеийн чиг хандлага, хүний нөөцийн шинэлэг шийдлүүдтэй танилцан, туршлага солилцож, мэргэжлийн хүрээллээ өргөжүүлсэн онцлох үдэш боллоо.
Арга хэмжээг 𝐙𝐚𝐧𝐠𝐢𝐚.𝐦𝐧-ийн Дэд захирал Г.Төртогтох нээж, оролцогчдод хандан арга хэмжээний зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ. Үүний дараа 𝐙𝐚𝐧𝐠𝐢𝐚.𝐦𝐧-ийн Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан захирал Б.Хосчимэг ажил олгогч байгууллагууд хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагаагаа олон салангид системээр бус, нэг дата төв бүхий нэгдсэн экосистемээр удирдах боломжийг бүрдүүлж буй 𝐙𝐚𝐧𝐠𝐢𝐚.𝐦𝐧-ийн шинэчлэлийг танилцуулав. Мөн 𝐙𝐚𝐧𝐠𝐢𝐚.𝐦𝐧 платформ дээр 2023–2026 онд нийтлэгдсэн 260,000 гаруй ажлын байрны зар дээр үндэслэн гаргасан “Монголын хүний нөөцийн салбарын шинжилгээ 2026" судалгааны тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Арга хэмжээний үндсэн илтгэгчээр Нано Групп-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам оролцож, “HR-аас бизнесийн манлайлал руу: AI эрин үед CEO нар HR-аас юу хүлээж байна вэ?” сэдвээр илтгэл тавьсан ба хүний нөөцийн үүргийг зөвхөн ажилтан сонгон шалгаруулах, ажилтны оролт, гаралтыг удирдах хүрээнд бус, байгууллагын бүтээмж, ашигт ажиллагаа, үнэ цэний өсөлтөд чиглүүлэх шаардлагатайг онцлов. Мөн шинээр ажилтан авахын өмнө одоо байгаа багийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, AI болон автоматжуулалтыг нэвтрүүлэн, ажилтнуудыг илүү өндөр үнэ цэн бүтээх ажилд төвлөрүүлэх нь чухал болохыг дурдсан юм.
Дараагийн үндсэн илтгэгчээр Монголын хүний нөөцийн институтын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Бартанбаатар оролцож, “Өсөлтийн цэг: Хүний нөөцийн мэргэжилтний дараагийн түвшин” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр байгууллага өсөлтийн тодорхой үе шатанд хүрэхэд зөвхөн ажилтны тоог нэмэх бус, бүтэц, удирдлагын тогтолцоо, ур чадвар болон байгууллагын соёлоо шинэчлэх шаардлагатайг онцлов. Мөн AI, ур чадварт суурилсан ажиллах хүч, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалт зэрэг дэлхийн шинэ чиг хандлагатай уялдан HR нь захиргааны чиг үүрэг гүйцэтгэгчээс бизнесийн өсөлтийн түнш болон хөгжих хэрэгтэйг онцолсон юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болон хүний нөөцийн удирдах түвшний төлөөллүүд оролцлоо. Тухайлбал, MCS, Голомт банк, ТЭСО Групп, Монос Групп, Жем Интернэйшнл, Жимобайл, NCD Group, Алтан Жолоо, Инвескор, Азифарма, Моннис Групп, Монполимет ХХК, Макс Хүнс ХХК, Максгүүр Транс ХХК, Мандал Капитал, Мандал Ресурс ХХК, Гацуурт ХХК, Нутгийн Буян Групп, Газар Шим Үйлдвэр ХК, Ньюмонт Голдмон ХХК зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэв.
Арга хэмжээний ивээн тэтгэгчээр дэлхийн борлуулалтын франчайз бизнес Sales Geek-ийн Монгол дахь салбар Sales Geek Mongolia болон АНУ-ын дэлхийд тэргүүлэгч цахилгаан шатны OTIS брэндийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг “Эс Ар Трейд” ХХК ажиллалаа.
“HR Event & Networking” арга хэмжээ нь хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг, бодит туршлагаас суралцахын зэрэгцээ салбарын удирдлагуудтай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломж нээх үнэ цэнтэй орчныг бүрдүүллээ.



