
“Эрүүл хүнс – Эрүүл хөрс – Эрүүл хүн” уриан дор “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. /2026.08.27/
Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр модератороор ажиллан удирдсан бөгөөд COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр” (Food System and Soil Health Day)-ийн онцлох хэлэлцүүлгийн нэг байлаа.
Хэлэлцүүлгийн панелистаар ХХААХҮ-ын сайдын зөвлөх Т.Мөнхтөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Нямсүрэн, ХААИС-ийн профессор, судлаач Д.Ундармаа, Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл,үйлчилгээний холбооны дэд тэргүүн Ц.Ганзориг, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн газрын харьяа КОПИА Монгол төвийн захирал У Мин Гён нар оролцов.


Панелистууд хөрсний эрүүл мэнд, бэлчээрийн зөв менежментээс эхлээд шинжлэх ухаан, үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, ложистик, зах зээл, хөрөнгө оруулалт зэрэг хүнсний тогтолцооны бүх үе шаттай холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцлээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр танхимаас ШУТИС-ийн Олон улсын инженерийн сургуулийн төслийн менежер, доктор, профессор Ж.Туяацэцэг, “Монголын логистикийн холбоо”-ны тэргүүн, доктор, дэд профессор А.Мөнхболд нарын төлөөлөл оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөрсний эрүүл мэнд, логистик болон хүнсний тогтолцоотой холбоотой асуудлаар өөрсдийн санал, байр суурь, туршлагаа хуваалцлаа.

Түүнчлэн хөрсний доройтол, бэлчээрийн зохистой ашиглалт, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухаан, инновацын шийдлийг нэвтрүүлэх шаардлага, үндэсний үйлдвэрлэгчид болон ЖДҮ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх ложистикийн тогтолцоо, зах зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүнсний тогтолцооны шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх асуудлыг онцлон ярилцсан юм.
Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх зорилтыг хүнсний тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан авч үзэж, төрийн бодлого, шинжлэх ухаан, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтыг нэг цогц шийдэл болгон хэлэлцэхэд оршиж байв.
Өөрөөр хэлбэл, асуудлаас шийдэл рүү, санаачилгаас хэрэгжилт рүү, амлалтаас бодит үр дүн рүү шилжихэд шаардлагатай бодит алхмуудыг тодорхойлоход гол анхаарлаа хандууллаа.
Энэ хүрээнд хөрсний доройтол, цөлжилтийг бууруулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг тогтвортой хөгжүүлэх боломж, шийдлүүдийг талуудын оролцоотойгоор хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр хөрс–ус–хүнсний харилцан хамаарал, тогтвортой хүнсний үйлдвэрлэл, байгальд ээлтэй технологи, шинжлэх ухаан, инновацын шийдэл, үйлдвэрлэгчид болон бизнесийн салбарын оролцоо зэрэг асуудлыг онцлон авч үзэв.
Мөн хүнсний тогтолцоог илүү тогтвортой, хүртээмжтэй болгох замаар хөрсний доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, цаашдын хүнсний аюулгүй байдлыг хангах боломжийг тодорхойлохыг зорилоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд авч үзэхээс илүүтэй хүнсний үйлдвэрлэл, эдийн засаг, бизнес, иргэдийн амьжиргаа болон тогтвортой хөгжлийн асуудалтай уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Ийнхүү “Food System and Soil Health Day”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг нь Монгол Улсын хүнсний тогтолцоог шинэ шатанд гаргах, хөрс болон байгалийн нөөцийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалтыг бодит үр дүнтэй холбох чиглэлд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

