

УИХ-ын сонгууль болж, шинэ парламент бүрдэх бүрд олны анхаарлыг татдаг нэгэн сэдэв бий. Энэ бол дахин сонгогдож чадаагүй, өөрөөр хэлбэл "ажилгүй болсон" гишүүдэд төрөөс нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог хуулийн зохицуулалт юм.
Эл хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш өөр ажил эрхлээгүй тохиолдолд 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан байдаг. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй бол 64,800,000 буюу 1 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг.
Тэгвэл жирийн иргэд ажлаас халагдах эсвэл ажлын гэрээ нь дуусгавар болоход хэдхэн сарын тэтгэмж авах уу, үгүй юу гэдэг хүндрэлтэй тулгардаг. Гэтэл хууль тогтоогчид өөрсдөдөө зориулж ийм "зөөлөн хөнжил" бэлдсэн нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй байна.
Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл нэгдүгээрт, энэ нь Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэсэн заалтыг зөрчиж байна.
Мөн нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зарчим, тэгш байдлыг алдагдуулж байна. Монгол Улсын жирийн иргэн ажлаас чөлөөлөгдөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарсан багахан хэмжээний тэтгэмжийг 1-3 сарын хугацаанд л авдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн байсан хүн яагаад бусдаас онцгой эрх эдэлж, бүтэн жилийн турш зүгээр сууж байгаад сая саяар нь цалинжих ёстой гэж? Төрийн албан хаагч, ард түмний элч гэдэг нэр зүүсэн бол иргэдийнхээ адил хуулийн доор амьдрах ёстой.
Хоёрдугаарт, энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж буй хэрэг юм. Өнөөдөр манай орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай байна.
Ийм үед ажлаа хийж чадаагүй гээд иргэдэд гологдсон улс төрчдөд олон зуун сая төгрөгийг зүгээр л бэлэглэнэ гэдэг нь төрийн мөнгөнд гамгүй хандаж буйн илрэл. УИХ-ын гишүүдийн цалин, хангамж жирийн багш, эмч нарынхаас хэд дахин өндөр байдаг.
Өнөөдөр УИХ-ын гишүүний үндсэн цалин сард 5.7 саяас 7 сая төгрөг орчим байдаг. Үүн дээр нэмээд бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал олгогддог. Өөрөөр хэлбэл татвараа суутгуулсны дараа гар дээрээ 5 сая орчим төгрөг авдаг.
Тэгвэл тэдэнд нэг жилийн цалин бэлнээр өгөх энэ их мөнгөөр хэдэн цэцэрлэгийн засвар хийж болохыг тооцох хэрэгтэй.
Гуравдугаарт, сонгуульд ялагдах нь хариуцлагын тогтолцоо болохоос биш "хохирол" биш юм. Иргэд тухайн гишүүнийг хангалттай сайн ажиллаагүй гэж үзсэн учраас л дахин сонгоогүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тэд ажлын байрандаа тэнцээгүй гэсэн дүн авсан хэрэг. Тэгтэл муу ажиллаж, иргэдийн итгэлийг алдсан хүнд бүтэн жилийн цалингаар "шагнал" урамшуулал олгох нь байж боломгүй тэнэг хэрэг. Ийм тогтолцоотой улс орон ч дэлхий дээр бараг байхгүй.
Мөн УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал бол давуу эрх ямба эдлэх суудал биш, ард түмэнд үйлчлэх хариуцлагатай алба.
Сонгогдоогүй гишүүдэд нэг жилийн цалин өгдөг энэхүү хууль бус, шударга бус заалтыг нэн даруй цуцлах шаардлагатай. Тэр үүднээсээ энэ хуулийг яаралтай өөрчилж төр нь иргэддээ ижил тэгш үйлчилж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулдаг болох хэрэгтэй байна.
Ж.Батдорж
